МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

У.Хүрэлсүх: Улсынхаа түүхэнд чухалд тооцогдох ажлыг хийж амжуулсан айлчлал боллоо
2018.10.02
Гадаад харилцаа

У.Хүрэлсүх: Улсынхаа түүхэнд чухалд тооцогдох ажлыг хийж амжуулсан айлчлал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөөд байна. Тэрбээр Вашингтон дахь айлчлалаа дуусгаад өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцсон билээ.

Ерөнхий сайд НҮБ-ын ЕА-н чуулганы индэрт үг хэлэхээсээ өмнө өнгөрсөн Баасан гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

- Юун түрүүнд АНУ-д хийсэн айлчлалыг хэрхэн дүгнэж байгаагаас ярилцлагаа эхэлье.

- “Цагаан ордон”-ы урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал маань үр дүнтэй, ач холбогдолтой боллоо. Монгол, Америк улс 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 31 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа бүх талаар өргөжин хөгжлөө. Нэн ялангуяа улстөр, эдийн засаг, батлан хамгаалах, хүмүүнлэг, соёлын салбаруудын харилцаа идэвхтэй хөгжиж байна. Монгол, Америк цэргүүд Иракт хамт байсан бол өнөөдөр Афганистанд ч дэлхийн энхтайван, аюулгүй байдлын төлөө алба хааж байна. Энэ бол хоёр орны сайн харилцааны томоохон илэрхийлэл юм.

Энэ удаагийн айлчлал ч амжилттай сайхан боллоо. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзаж албан ёсны яриа, хэлэлцээ хийлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпеотой уулзлаа. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх Ж.Болтонтой уулзлаа. Үүнээс гадна Дэлхийн Банкны Ерөнхийлөгч, ОУВС-ийн тэргүүнтэй уулзлаа.

Мөн Нью-Йоркт байх хугацаандаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт бараалхан уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллаагааны талаар ярилцсан өргөн хүрээний ач холбогдолтой албан ёсны айлчлал болж өндөрлөж байна.

- Улстөр, эдийн засгийн хувьд ялгаж харвал ямар үр дүнтэй уулзалтууд болсон бэ?

- Айлчлалаар Монгол, Америкийн харилцаа нэг шат ахиж Өртгөсөн Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжлээ. Энэ бол хоёр орны харилцаа өргөжиж, хөгжиж байгаан нэг илрэл. Үүнтэй холбогдуулаад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео болон Монгол Улсын Ерөнхий сайдын Хамтарсан мэдэгдэл гарсан. Дээр нь хоёр орны эдийн засгийн харилцааг хэрхэн яаж өргөжүүлэх вэ гэдэг асуудлаар Замын зургаа тодорхойллоо. Нэг ёсондоо богино, дунд, урт хугацаанд Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг хэрхэн яаж өргөжүүлэх вэ, юун дээр анхаарах вэ гэсэн төлөвлөлтөө гаргаж харилцан тохиролцсон баримт бичгийг гаргасан нь маш чухал зүйл боллоо.

Дээр нь Мянганы Сорилтын Корпорацитай хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурлаа.

АНУ-ын талаас 350 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг өглөө. Энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, урт хугацааны хөгжилд ихээхэн ач холбогдолтой тусламж боллоо гэдгийг хэлэхийг хүсч байна.

Энэ тусламжаар Монгол Улсын хамгийн их тулгамдсан асуудлын нэг болох усны асуудлаа шийднэ. Манай улсын хүн амын 50 орчим хувь буюу 1.5 сая иргэн амьдардаг Улаанбаатарын усны асуудал бидний хувьд бодит бэрхшээл болоод байсан.

УБ-ын хүн ам тасралтгүй өснө, жил болгон 70 мянган хүүхэд төрж байна, хөдөө орон нутгаас УБ руу шилжин суурьшигчид нэмэгдэж байна.

Нэг ёсондоо Улаанбаатар хот маань цэвэр усны хомсдолд ороход ойрхон болсон. Энэ хэвээрээ байвал 2030 он гэхэд УБ-чууд цэвэр усны хомсдолд орж усны хязгаарлалтад орох аюултай нөхцөл байдал биднийг хүлээж байгаа. Тиймээс ч ийм нөхцөл байдалд хүрэхээс өмнө хариу арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

Ус гэдэг хүн оршихын, тусгаар тогтнохын үндэс байдаг.

Тиймээс ч АНУ-ын энэхүү буцалтгүй тусламжаар бид усны асуудлаа шийдэж, цэвэр усны нөөцийг сайжруулна. Энэ төсөл хэрэгжсэнээр УБ хотын цэвэр усны нөөц 80 орчим хувиар нэмэгдэнэ.

Өнөөдрийн байдлаар 15 сая м3 буюу УБ-ын усны хэрэглээний 20 хувийг цахилгаан станцууд хэрэглэж байна. Ингэхдээ дан гүний цэвэр ус ашиглаж байна.

Монгол Улс хэзээ ч дахин боловсруулсан ус ашиглаж байгаагүй. Харин МСК –тай хамтран энэ төслийг хэрэгжүүлсэнээр бид түүхэндээ анх удаа дахин боловсруулсан ус ашиглаж эхлэх гэж байна. Нэг ёсондоо өөрсдийн ахуйн хэрэглээнд ашигласан усаа дахин боловсруулж үйлдвэрлэлийн зориултаар ашиглах боломж нээгдэж байна.

УБ-ын цэвэр усны нөөц 80%-иар нэмэгдэж, Монгол Улс түүхэндээ анх удаа дахин боловсруулсан ус ашиглах гэж байна

Энэ бол Монгол Улсын хамгийн чухал асуудлын нэг. Ус үгүй бол амьдрал үгүй. Тэгэхээр МСК-ийн энэ төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарчууд 100 жил усны гачаалаас гарч чадна гэж мэргэжилтнүүд тооцож судалсан байна. Энэ бол том ололт, амжилт.

Мөн энэ айлчлалын бас нэг гол зорилго бол Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийг хамтын ажиллагааг өртгөтгөх. Монголоос Америк руу хийж байгаа экспорт жил болгон багасч байна. Бид экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс Америкийн талтай ярьж байгаа нэг зүйл бол гуравдагч хөршийн татварын хөнгөлөлтийн асуудал. Тодруулбал, манай улсын ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй гаргах асуудал. Энэ асуудлыг АНУ-ын Конгрессын Монгол, Америкийн Найрамдлын бүлгийн Т.Ёохо тэргүүтэй гишүүд өргөн бариад байна. Энэ асуудал Сенатад орох ёстой. Сенатад өргөн барих гишүүн Дан Салливантай өөрийн биеэр уулзаж найрсаг сайхан яриа өрнүүллээ.

АНУ 326 сая хүнтэй. Хэрэв дээрх хууль батлагдаж чадвал бид жилдээ тэрбум долларын цэвэр ашиг олох боломж байгаа. Дэлхий дээр байгаа цэвэр ноолуурын 40-50 хувийг Монгол улс бэлтгэдэг ч 80 хувийг нь түүхийгээр гаргаж байна.

Тиймээс ноолуураа дотооддоо боловсруулж экспортод гаргах “Ноолуур” хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Монгол Улсын хувьд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх арвин туршлагатай. Хэрвээ бид энэ чиглэлээр АНУ-ын зах зээлд нэвтэрч чадвал Монголд 30 орчим мянган ажлын байр шинээр бий болох тооцоо гарсан. Энэ бол манай эдийн засагт маш чухал нөлөөтэй.

- Энэ оны арваннэгдүгээр сард хууль хэлэлцэгдэх юм билээ. Энд үлдсэн Монголын төлөөлөгчид том даалгавартай үлдлээ.

- Тэгэлгүй яахав. Айлчлалын үеэрх америкчуудын Монголд хандаж байгаа найрсаг хандлагаас харахад Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуул амжилттай шийдэгдэх байх гэж найдаж байна.

- Энэ удаагийн айлчлалаар АНУ-ын талаас манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралд тус дөхөм болохуйц олон асуудлыг шийдлээ. Монголчуудын хувьд ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?

- Түүх ярихад 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол Улсад айлчлал хийж байсан. Тухайн үед Монгол Улс коммунизмаас татгалзаж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм рүү шилжих үйл явц ид өрнөж байсан үе. Энэ үед Ж.Бейкер “Танай улс агуу түүхтэй. Хоёр сайн хөрштэй. Хэрвээ гурав дахь хөрш хэрэгтэй гэж үзвэл АНУ дуртайяа болно шүү” гэж  байсныг манай ард түмэн санаж байгаа байх. Энэ үеэс эхлээд гурав дахь хөршийн асуудал яригдсан. Өнөөдөр АНУ Монгол Улсын хамгийн итгэлтэй, хамгийн сайн харилцаатай гурав дахь хөршийн нэг болсон байна. Америк өөрөө ардчилсан улс. Монголчуудын хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс байгуулахад, зах зээлийн эдийн засгийн хүнд хэцүү, бэрхшээлтэй цаг үеийг давж гарахад АНУ -ын ард түмэн, төр засаг олон улсын тавцанд ч байнга дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Монгол улсыг АНУ-ын төр засаг их өндрөөр үнэлдэг юм байна. Монголыг “Ардчиллын баянбүрд” ч гэж нэрлэдэг. Төв Азийн цээжинд, Зүүн хойд Азидаа ардчиллыг хамгийн сайн хэрэгжүүлж чадсан улс орон гэж үнэлдэг нь энэ удаагийн айлчлалаар их тод харагдлаа.

Ардчилсан Монгол оронд АНУ бүх талаар нь тусалж дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгчөөс нь эхлээд бүх шатны албан тушаалтнууд нь хэлж бодитоор тусламж үзүүлсээр байгааг нотоллоо.

Монгол Улсын хувьд анх удаа ийм том дүнтэй буцалтгүй тусламжийг авч байна шүү дээ.

Монголчууд анх удаа усаа дахин боловсруулах гэж байна. Энэ түүх болж үлдэнэ. Энэ бол мега төсөл.

- Та засгийг тэргүүлээд яг нэг жил болох гэж байна. Жилийн хугацаанд амжуулсан мөн хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа танилцуулахгүй юу?

- Ерөнхий сайд болоод эрчим хүч, нефть, хүнсний асуудлаа бид шийдэж чадвал Монгол Улс жинхэнэ утгаараа бие даасан, тусгаар тогтнолоо хангасан улс болно гэж хэлж байсан. Тиймээс ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцийг барих асуудлыг ярьж байна. Энийг хийж чадвал бид ОХУ-аас эрчим хүч авахаа болино. III, IV цахилгаан станцийнхаа шинэчлэлийг хийнэ. Таван толгойн цахилгаан станцаа барьж Оюу Толгойн эрчим хүчийг хангана.

Нефтийн үйлдвэрийн тухайд дөрвөн жилийн дараа газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орно.

Бид олон жилийн турш шатахууны үнийг янз бүрээр барих гэж оролдсон. Цаашид ийм боломж байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх арга нь газрын тос боловсруулах үйлдвэр юм.

Гурав дахь асуудал болох хүнс. Бид 20 жил яриад шийдэж чадаагүй асуудал байсан нь газар тариалангийн бүс нутгийг тогтоох. Монголын нийт хүн амыг тэжээдэг, 800-900 орчим га газар байгаа. Энэ газраа бид газар тариалангийн бүс болгохоор тогтсон. Энэ ажил хэрэгжиж байна. Мөн малаа эрүүлжүүлэх ажил хийгдэж байна. Энэ бол доод тал нь таван жил тасралтгүй хийгдэх ажил. Сая ажил нь эхэлсэн.

Өөрөөр хэлбэл энэ Засгийн газар олон жил ярьсан ч эхлээгүй байсан ажлуудыг хөдөлгөж чадлаа. Цаашдаа олон жилийн турш хэрэгжээд явна. Одоо үр дүнг үзэхийн тулд ажлаа маш сайн зохион байгуулж хийж дуусгах хэрэгтэй байна.

Дээрээс нь энэ Засгийн газар монголчуудын 20, 30, 50 жил ярьсан хэд хэдэн том төслөө хөдөлгөнө гэж хэлж байсан. Түүний нэг нь “Таван Толгой” (ТТ). Бид улстөрийн шийдвэрт хүрч ТТ эдийн засгийн эргэлтэд орлоо. Арав орчим жилийн дараа улстөрийн гацаагаа гаргаад ТТ IPO зарлахаар ажил нь явж байна. Энэ бол Монголын ард түмэнд маш хэрэгтэй төсөл. Бид 200 жил Таван Толгойг ашиглана, авто зам, төмөр зам, цахилгаан станц барина. Энэ ажил ямартай ч гацаанаас гарсан.

Хоёр дахь асуудал, Монголын ард түмний 60 жил хүлээсэн нефтийн үйлдвэр. Олон ч удаа шав тавьсан. Бас л гацаатай, эхлүүлж чаддаггүй энэ ажлыг Энэтхэг улстай хамтран эхлүүлээд бүтээн байгуулалтын ажилдаа ороод явж байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд дэд бүтцийн ажлууд нь хийгдээд явж байна.

Гурав дахь асуудал, Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийн асуудал. Улаанбаатар хот маань тэр чигээрээ өмхий үнэрт дарагдсан. Олон Засгийн газар, олон хүн энэ ажлыг хийнэ гэж ярьсан. Бид үүнийг хөдөлгөөнд орууллаа. Хятадын хөнгөлөлттэй тусламжаар Улаанбаатар хотын Цэвэрлэх Байгууламжийг хамгийн орчин үеийн технологиор барих ажил эхэлчихсэн. Хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдчихлээ. Хятадын Гадаад хэргийн сайд нь ирээд албан ёсоор нээлтэд нь оролцлоо.

Дөрөв дэх том асуудал нь усны асуудал. Улаанбаатар хот усгүй болж байна. Энэ асуудлаа АНУ-ын буцалтгүй олгогдож байгаа 350 сая доллараар шийднэ. Түүхэндээ анх удаа бид дахин боловсруулсан усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана. Мөн цэвэр усны нөөцөө 80 хувиар нэмэгдүүлнэ.

Тав дахь асуудал нь, 2019 оны хичээлийн шинэ жил гэхэд Монгол улс 127 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Нэг ёсондоо Монгол хүүхэд бүр нэгээс хоёр ээлжийн сургуультай, цэцэрлэгтэй болгоно гэж зорьж байна.

- Та энэ өдрүүдэд (2018.9.24-28) НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцож байна. Энэ жилийн чуулганд Монгол Улс ямар зорилготойгоор оролцож байгаа вэ?

- Өнөөдөр дэлхий ертөнцийн нөхцөл байдал хүндхэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррec “Хүн төрөлхтөн хүндрэлтэй байдалд байна. Одоо бидэнд итгэлцэл хэрэгтэй. Бие биетэйгээ харилцан хамааралтай нэг дэлхийд амьдарч байна” гэж байсан. Миний бие ч гэсэн энэ асуудлыг НҮБ-ын чуулганы индрээс хэлнэ. Монгол Улсын хувьд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн. Үүнээс хойш манай улс энхтайван, аюулгүй байдлын чиглэлээр байнга санаачлага гаргаж ажиллаж ирсэн түүхтэй. Манай улсаас санаачилсан олон арван тогтоолууд бий.

Дэлхийн ертөнц мөргөлдөөд байгаа нь хоёр л шалтгаантай. Нэгдүгээрт, иргэншлийн нөгөөх нь шашны асуудал байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар ирэх жил Азийн Буддистуудын Энхтайвны Бага хурлыг сэргээж шашны эрх чөлөөний асуудлаарх хурлыг зохион байгуулна гэж НҮБ -ын индэр дээрээс нь зарлана. Энэ бол энхтайван, шашны эрх чөлөө, аюулгүй байдал, хүн хоорондын харилцааны асуудалд Монгол Улсын зүгээс оруулж байгаа бодитой алхам гэж бодож байна.

Мөн Монгол Улс Зүүн хойд Азийн энхтайвны төлөө Улаанбаатарын яриа хэлэлцээг санаачлан хийж ирсэн. Дэлхийн аюулгүй байдлын төлөө Монгол Улс хувь нэмрээ оруулсаар байгаа. Манай батлан хамгаалах салбарын хувьд гэхэд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас 1,600 орчим хүн дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажилдагаанд оролцсон байна.

Энэ бол Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээж байгаа үүргээ нэр төртэйгээр хүлээж байгаан илрэл юм.

Манай цэрэг, армийнханыг НҮБ-ын зүгээс ч чадварлаг энхийг сахиулагчид гэж өндрөөр үнэлдэг. Үүгээрээ бид бахархах ёстой.

- Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт нээсэн. Энэ байгууллагын статусыг нэмэгдүүлэх энэ удаагийн чуулганд оролцож байгаан гол зорилгын нэг гэж ойлгосон.

- Тийм ээ. Монгол Улс өөрөө далайд гарцгүй орон. Тийм ч учраас далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг бид хамгаалах ёстой. Улаанбаатарт 32 орноос бүрдэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачилж байгуулсан. Жил болгоны төсвөөс энэ судалгааны төвд санхүүжилт өгье гэж үзэж байгаа. Бусад гишүүн орон ч энэ байгууллагын ач холбогдлыг маш сайн ойлгож байна. Худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр далайд гарцгүй хөгжиж буй орнуудад НҮБ болон бусад олон улсын байгууллагаас туслалцаа дэмжлэг авах, өөрсдийнхөө эрх ашгийг хангах чиглэлд хамтарсан ажил зохион байгуулах НҮБ-ын түвшинд ярих ийм байгууллага болон хөгжиж байна.

Монгол улс үүнд санаачлага гаргаж өндөр ач холбогдол өгч оролцож байна.

- Таны АНУ-д хийсэн айлчлал зорилгоо биелүүлсэн гэж ойлгож болох уу?

- Тэгэлгүй яахав. Сэтгэл маш өндөр байна. Улсынхаа түүхэнд чухалд тооцогдох ажлыг хийж амжуулсан айлчлал байлаа. АНУ-ын ард түмэн, төр засагт баярлалаа.

 

Нью-Йорк хот, 2018.9.28

ШИНЭ МЭДЭЭ