Оюун ухааны "дайн"-д манайхан хэрхэн "байлдаж" байна
2018.10.03
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оюун ухааны "дайн"-д манайхан хэрхэн "байлдаж" байна

Энэ сарын 23-нд Гүржийн Батуми хотноо эхэлсэн Шатрын 43 дахь удаагийн олимпиадад 180 орны 1667 шатарчин " уулгүй талд цусгүй байлдаж" байгаа бөгөөд баг тус бүр швейцарь системээр 11 өрөг тоглох юм.

Эхний дөрвөн өдрийн дүнг өмнө нь мэдээлсэн бөгөөд энэ удаа 5-8 өрөгт манайхан хэрхэн наадсаныг хүргэе. Эрэгтэйчүүдийн ( open ) төрөлд 180 орны 185 баг оролцож буй нь рекорд амжилт юм. Манай эрэгтэй багт ширээний дарааллаар GM Ц.Батчулуун, IM С.Билгүүн, IM Н.Баттулга, IM Г.Мөнхгал, FM У.Насанжаргал нар тоглож байгаа бөгөөд тав дахь өрөгт Гүрж-2 багт 1:3 -аар хожигдсон.

Харин дараа нь манай эрэгтэйчүүд зургадугаар өрөгт Малайзыг 3:1-ээр "мадлан" , долдугаар өрөгт Венесэулийн багийг 2,5:1,5 -аар "шаглан" хожиж, наймдугаар өрөгт Узбекистантай 2:2-оор хайнцлаа. Нийтдээ дөрвөн хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой манай эрчүүд 10 оноотой 8 өргийн дараахь байдлаар 50-д бичигдэж байна. Тавдугаар ширээнд тоглож буй У.Насанжаргал 6 өрөг тоглосноос 4 хожин, 2 хайнцаж ширээндээ 16 дугаарт явна. 9 дүгээр өрөгт манай эрчүүд Ираны багтай тоглох юм.

Эрэгтэй багуудыг 8 өргийн дараа: 1. АНУ 7 хожил, 1 тэнцээ 2. Польш 6 хожил , 2 тэнцээ 3. Азербайжан 6 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол 4. Энэтхэг 6-1-1 5. Франц 6-1-1 багууд манлайлж байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд 146 орны 151 баг оюун ухаанаа уралдуулж байгаа нь мөн л рекорд. Манай эмэгтэй багт ширээний дарааллаар IM Б.Мөнгөнтуул, IM Д.Номин-Эрдэнэ, WFM Т.Мөнхзул, WIM Д.Янжиндулам, IM Т.Батчимэг нар тоглож байгаа. Манай бүсгүйчүүд эхний дөрвөн өрөгтөө ялалт байгуулж, тэмцээнийг хошуучлагчдын нэг болж байсан.

Харамсалтай нь тавдугаар өрөгт АНУ-ын багт( АНУ-ын багт хоёр украин, нэг румын, нэг хятад тоглов) 0,5:3,5 -аар хожигдож, зургадугаар өрөгт "сэргэлт" авалгүй Румын шатарчдад 1,5:2,5 оноогоор хожигдлоо. Харин долоо, наймдугаар өрөгт Индонезийг 3,5:0,5-аар, Польшийг 3:1-ээр хожиж, 8 өргийн дараахь байдлаар 6 хожил, хоёр хожигдол, 12 оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна.

Манайхаас 2 дугаар ширээнд тоглож буй Номин-Эрдэнэ 7 өрөг тоглосноос 4 хожин, 2 тэнцэж, нэг хожигдон ширээндээ наймдугаарт яваа. Манай бүсгүйчүүд 9 дэх өрөгт Гүрж-1 багтай ухаанаа уралдуулна.

Эмэгтэй шатарчдыг: 1. БНХАУ 6 хожил 2 тэнцээ 2. Украин 6 хожил 2 тэнцээ 3. АНУ 6 хожил 1 тэнцээ 1 хожигдол 4. Унгар 6-1-1 5. Азербайжан 6-1-1 амжилтаар хошуучилж байна. Шатрын 43 дугаар олимпиад аравдугаар сарын 6-нийг хүртэл үргэлжилнэ.

Батуми хотноо шатарчдаа дэмжихээр сонирхогчдын шатрын ДАШТ-д амжилттай оролцсон, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг очоод байгаа хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин/Таван цагираг/ мэдээлж байна.

Цолны тайлбар: GM-Grandmaster IM -International Master FM- FIDE Master WIM -Woman International Master WFM-Woman FIDE Master

ШИНЭ МЭДЭЭ