ЭЗБХ: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2018.10.10
Улстөр

ЭЗБХ: Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг томиллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.09) хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчийн хувиар мэдээлэл танилцуулсан. Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлт гарсан байгаа бөгөөд Ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулж байгаа гэв.

Асуудлыг хэлэлцэх бэлтгэл бүрэн хангагдсан тохиолдолд уг Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг шуурхай хэлэлцэх боломж нээлттэй байгааг Байнгын хорооны дарга Д.Дамба-очир хэллээ. Ингээд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2018 оны зургаадугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамтөргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Төслийн хэлэлцүүлгийг бүх талын оролцоотойгоор хэд хэдэн удаа зохион байгуулсан талаар тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцоллоо. Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 24 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Хууль зүйн яамнаас Валютын зохицуулалтын тухай хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шинэчлэгдээгүй байна.

Үүний зэрэгцээ гадаад секторын статистикийн мэдээг боловсруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр гүйлгээ хийх зохицуулалт бүхий хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төгрөгийн ханшийг сулрахад нөлөөлж буй хүчин зүйлийг хязгаарлаж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэн төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, банк, санхүүгийн системийн чадавхийг сайжруулах үүднээс зохицуулалтыг тодорхой болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх заалтыг Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах шаардлага бийг мөн онцоллоо.

Түүнчлэн банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааны зохицуулалтын эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байгааг төсөл санаачлагч дурдав.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ валютын нөөцөө 1 жилийн импортын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэх амлалт авсан. Одоогоор 6 сарын импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй байгаа бөгөөд дээрх үүргээ биелүүлэх шаардлага бий.

Иймд дээрх хуулийг шинэчлэн өөрчилж, валютын зах зээлийг тогтвортой болгох шаардлага бий. Банкнаас гадуурх валютын захын үйл ажиллагааг хяналттай болгож, тэдгээрийн гадаад бэлэн валютын арилжааны мэдээг валютын захын тайлан, мэдээнд тусгадаг болгож, валютын захын энэ хэсгийг мэдээлэх, тайлагнах тогтолцоонд нэн даруй хамруулах шаардлагатай байна.

Ингэснээр гадаад валютын дотоодын захад оролцогчид шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийн урсгалыг чанаржуулж, гадаад валютын дотоодын захын талаарх мэдээллийн нэгдсэн систем байгуулах, валютын нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хийсэн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, хуулийн төслөөр валютын зах зээл дэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бүрэн шийдэх боломж бий эсэхийг Д.Тэрбишдагва гишүүн асууж, хариулт авлаа.

Мөн тэрбээр гадаадын томоохон хөрөнгө оруулагчид дотоодын банкны системээр санхүүгийн гүйлгээгээ явуулах асуудлыг хуульчлан тусгасан эсэхийг лавлахын зэрэгцээ томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Монголбанкаар дамжуулах асуудал нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үүний оронд арилжааны банкуудаа чадавхжуулан, томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг найдвартай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв. Монгол Улсын валютын бодлогын хувьд либераль, ханшийн хувьд чөлөөтэй байх эрх зүйн зохицуулалттайгаар өнөөдрийг хүрсэн бөгөөд одоо мөрдөгдөж буй хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг З.Нарантуяа гишүүн хэлэв.

Төсөлд дэх валютын ханш болон онцгой нөхцөлд хөрөнгийн дотогшлох болон гадагшлах урсгалыг зохицуулах зохицуулалтын талаар тэрбээр тодруулав. Манай улсын хувьд эрэлт, нийлүүлэлтээсээ үүдэн валютын ханш тогтох зохицуулалттай хэдий ч огцом савалгаатай үед Төв банкнаас оролцох асуудлыг төсөлд тусгасан болохыг Монголбанкны зүгээс тайлбарлав.

Монгол Улсад нэвтрүүлэх болон гадагш авч гарах бэлэн валютын хэмжээний хязгаарлалт холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд зохицуулагдаж байдаг. Төсөлд шинээр тусгагдсан зүйл нь макро зохистой бодлогын хүрээнд эдийн засагт орох, гарах огцом урсгал үүсэх юм бол олон улсад байдаг жишгийн дагуу тодорхой хязгаар тогтоох бололцоог нээж байгаа гэв.

Хуулийн төсөл батлагдсанаар валютын эдийн засгийн харилцааг оновчтой зохицуулж өгснөөр зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, зах зээлийн механизм үр ашигтай ажиллах, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой байх боломжийг бүрдүүлнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн М.Оюунчимэг тайлбарлалаа.

Мөн хөрөнгийн чөлөөт урсгал, зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн талаарх заалтуудыг хуульд тодорхой тусгаснаар макро эдийн засгийн бодлогын сонголтыг тодорхой болгож, төрийн мөнгөний бодлогын бие даасан байдлыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болно гэж үзжээ.

Гадаад секторын статистик, валютын дотоодын захын ханш, валютын арилжааны мэдээний хамрах хүрээ, чанар, давтамжийг сайжруулах боломжтой болно. Энэхүү мэдээллийн урсгал сайжирснаар макро эдийн засгийн бодлого боловсруулагч, зах зээлд оролцогчдын үйл хөдлөл оновчтой байх, улмаар зах зээл үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Хөрөнгийн дотогшлох болон гадагшлах ихээхэн хэмжээний урсгал, онцгой байдал үүссэн нөхцөлийн зохицуулалтын арга хэмжээ авах боломжийг хуульд тусгаж өгснөөр макро эдийн засгийн гадаад болон дотоод тэнцлийн тогтворгүй байдал үүсэх, улмаар эдийн засгийн хямралд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой болох аж.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг дотоодын банкаар хийх, шаардлагатай бол Төв банкнаас оролцох асуудлыг зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.

Гишүүдийн гаргасан саналыг Ажлын хэсэг хэлэлцэн, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа тусгах боломжтой гэдгийг Монголбанкны зүгээс хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжив. Мөн дээрх төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 26-ний өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлболон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Хэмжил зүй нь эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг хамарсан салбар дундын шинжтэй болохыг танилцуулгын эхэнд онцоллоо. Ялангуяа шинжлэх ухаан-технологи, тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ, байгаль орчны хамгаалал, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үр дүн нь хэмжих хэрэгслийн техникийн түвшин, хэмжлийн үнэн зөв эсэхээс шууд хамаарах тул төр засгаас онцгойлон анхаарч ирснийг Ө.Энхтүвшин сайд танилцуулсан.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд 2001 оноос хойш 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч салбарын хөгжлийн баримжаа, цогц бодлогыг тодорхойлоогүйн зэрэгцээ салбарын асуудлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага үүсчээ.

Иймд хэмжил зүйг хөгжүүлэх бодлого, стратеги, хэмжил зүйн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг улсын хэрэгцээ шаардлага болон олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчлэх, төрийн захиргааны байгууллагын оролцоог тодорхойлох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Мөн хэмжлийн нэгж, нэгжийн эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Үүний дээр хэмжил зүйн байгууллагын тогтолцоог холбогдох хууль тогтоомж болон олон улсын хэмжээний нийтлэг зарчим, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгож албаны чиг үүргийг давхардуулахгүй байхаар тусгасан байна. Түүнчлэн бүтэц, санхүүжилтийн талаар болон хэмжил зүйн мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаар хуулийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Д.Дамба-очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Төсөл батлагдсанаар хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа нэгдсэн стандарттай болж, бүртгэлийн нэгдсэн сантай болох нөхцөл бүрдэх аж.

Одоогоор манай улсад хэмжлийн зургаан төрлөөр 169 загвар бүртгэлтэй байдаг байна. Хуулийн төсөл батлагдвал эдгээрийг Монгол Улсын нөхцөл байдал, цаг уурын онцлогт тохирсон техникийн нэгдсэн зохицуулалтад оруулснаар 20 орчим хувь нь үлдэх магадлалтай хэмээн тооцсон болохыг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тайлбарлав. Мөн гишүүдийн тодруулсны дагуу хэмжил зүйн шалгалтад заавал хамруулахаар төсөлд тусгасан үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, хүн, мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээний үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг заавал дээрх төрлийн хяналт шалгалтад хамруулахаар төсөлд тусгажээ.

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, улсыг батлан хамгаалах, худалдаа үйлчилгээний тооцоо зэрэг үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад заавал хамруулах зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэмжлийн шинжлэх ухааны хөгжилд төр засгаас анхаарах шаардлагатайг онцоллоо. Олон улсын стандарт, хөгжлийн чиг хандлагыг дотооддоо нэвтрүүлэх нь чухал хэдий ч хэмжлийн чиглэлээр дотооддоо үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдээ бодолгоор дэмжих, энэ секторт төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага байгааг хэлэв.

Сүүлийн үед байгууллагууд мэдээллийн технологийн салбарын дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд анхаарч байгаа нь сайшаалтай ч энэ хүрээндээ орон тоог хэмнэхгүй байгааг анхаарч, үүнийг улсын хэмжээнд авч үзэх шаардлага бий гэдэг саналыг тэрбээр хэлсэн.

Ингээд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Хуралдааны төгсгөлд Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ