МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Ургац хураалттай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна
2018.10.10
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ургац хураалттай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даваа, мягмар гарагт Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан ургац хураалтын явцтай танилцсан тухай сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан улаан буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх талаар судлаж шийдвэрлүүлэхийг сайд Б.Батзоригт даалгав.  Мөн импортын буудай, гурилын квот олгох зайлшгүй тохиолдолд эхний ээлжинд дотоодын гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байхаар боллоо.  

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах, үр тариаг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдүүлэх, ургац тээврийн хүнд даацын автомашины тоог нэмэхээр болов.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хазайн бригад, Шандын давааны ургац тээврийн замыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр засахаар шийдвэрлэлээ. Ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулах чиглэлээр ажиллахыг сайд Н.Энхболдод үүрэг болгосон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн нэгдлийн төвийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нэмэгдэх орон тоо, урсгал болон тогтмол зардлыг санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.

10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үр тарианы хураалт 35.5, хүнсний ногоо 84.6, төмс 92.6 хувьтай байлаа. Налсан тариаг талбайн нэг захаас эхлэн зөвхөн нэг чиглэлд явж хурааж байгаагаас цаг алдаж, шатахуун их зарцуулж байна. Гэхдээ хур тунадас орохгүй бол ургац хураалтыг 7-14 хоногт дуусгах боломжтой юм. 

ШИНЭ МЭДЭЭ