МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Засгийн газар Оюутолгой компанитай 5 чиглэлд тохиролцоонд хүрчээ
2018.10.11
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Засгийн газар Оюутолгой компанитай 5 чиглэлд тохиролцоонд хүрчээ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Оюутолгой компанитай таван  чиглэлд тохиролцоонд хүрлээ хэмээн мэдээллээ.

Тэрээр ярихдаа, "Оюу толгойн компани болон Рио Тинто групптэй маш олон удаа хэлэлцээр хийсэн. Ингэснээр  хувьцаа болон ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулахын зэрэгцээ Монгол Улсад үзүүлэх эдийн засаг санхүүгийн нөхцлийг сайжруулах чиглэлд харилцан ойлголцолд хүрэв. 

Өөрөөр хэлбэл  Оюу толгойн гэрээний хувьд монголчуудад ашигтай суурь нөхцөл  үүсэх бололцоо бүрдлээ. Тодруулбал Монгол Улсын эзэмшлийн 34 хувь, хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг төдийгүй санхүүжилтийн хүү өндөр байсныг бууруулахаар боллоо.

Мөн бидний хувьд хамгийн чухал асуудал болох цахилгаан станц барих маргаантай асуудлыг нэг тийш нь болголоо. Таван толгой, Оюу толгойд цахилгаан станц барих асуудал маргаантай байсан. Оюутолгой компани 150 орчим сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг жилдээ импортоор авдаг.Талууд эрчим хүчээ дотоодоос авах асуудалд санал нэгдлээ. Цахилгаан станцыг Таван толгойд барьж Оюутолгой компани дотоодоос эрчим хүч авах шийдэлд хүрсэн. 

Улмаар бусад хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөөг үндэслэн татварын маргаантай асуудал гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл хэлэлцээрийн үр дүнд 35 сая ам.долларын татвар төлөх зарчмын шийдэлд хүрэв. Харин Оюутолгой компанид тавигдаад буй татварын акт дээр санал зөрөлдөж байгаа учраас эцсийн шийдвэрээ Арбитртаар шийдүүлэх болсон" хэмээв. 

  Дэлхийн зах зээл дээр өссөн нефтийн үнийг хянах боломжгүй

Үүний дараа сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас шатахууны үнийг тогворжуулах чиглэлээр Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

Үүнд тэрээр "Дэлхийд Ираны хямрал, хоригоос шалтгаалаад шатахууны хомсдол үүсч, үнэ өсөөд байна. Монгол Улс  шатахуунаа 100 хувь импортолдог. Энэ утгаараа нефтийн үйлдвэрийг 2022 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нефтийн үйлдвэртэй болсноор бид  үнийн өсөлтөөс ангижирах боломжтой" гэв.  

ШИНЭ МЭДЭЭ