Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа
2018.10.11
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 

Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх аж.

Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газарт олгох юм байна. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин /ОУВС-ийн тооцооллоор/ 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.

Хуулийн төслийн АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Тус байнгын хорооноос зээлийн хэлэлцээрийг батлах нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Батболд, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, үг хэллээ. 

Ийнхүү хуулийн төслийг батлах нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ