МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг баталлаа
2018.10.11
Гадаад харилцаа

Ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг баталлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Засгийн газраас энэ оны 07 дугаар 09-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, БНКазУ-тай ялтан шилжүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүд байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээ байгуулахаар ажиллаж байгааг сайд танилцуулгадаа дурдав. Мөн энэ оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэдээс эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтээ байнга ирүүлж байгаа. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд маань  эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм гэдгийг тодотголоо.

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Тус байнгын хорооноос хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүд байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ