2018.10.11
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
О.Баасанхүү: Мөнгөний төлөө эх орондоо өргөсөн тангаргаа орхиод явах хүн байгаа бол тэдний явуул
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-д гэснийг 5 жилийн цалин хөлсний нийлбэрийн 60-д гэж, 7 жил гэсний 5 хүртэлх жил гэж өөрчлөхөөр хуулийн төслийг өргөн барьсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн байр сууриа илэрхийллээ.
Цэргийн хүн мөнгөний төлөө бус, эх орны төлөө зогсдог биз дээ. Мөнгө нь багассан учраас бүгд өргөдлөө өгөөд, эх орны аюулгүй байдалд аюул учруулах гээд байгаа мэтээр ярьж байна. Ямар хүмүүс өргөдөл өгсөн юм. Нэг ч төгрөг өгөхгүй гээд шийдвэр гаргавал албаа хаяад зугтаах уу? Одоо тэтгэврийн насны 70 настай хөгшин 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэднийхийг 500 мянга болгох боломж байна уу?
Нөхцөл байдлыг ойлгож байна. Хаа хаанаа хүрэхгүй байгааг ойлгож байна. Гэтэл хууль санаачлаж байгаа улс төрчид нь энэ мөнгийг өгөхгүй бол тэд албаа хаяад явах гээд байгаа мэтээр тайлбарлаж байна. Мөнгө чухал биш шүү дээ. Тэд бол мөнгөтэй мөнгөгүй, хувцастай, хувцасгүй эх орныхоо төлөө зүтгэх тангарагтай хүмүүс. Үнэхээр зуу зуугаараа мөнгөний төлөө өргөдлөө өгөх гээд байгаа бол тэд нарыг зайлуул.
Би хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд заналхийлээд байгаа мэт үндэслэлээр тайлбарлаж байгаад нь эгдүүцэж байна.