МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонслоо
2018.10.12
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонслоо

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн "Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар" Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгуурт болгох чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатармэдээллийнхээ эхэнд онцолсон.

Гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг олон улсын стандартад нийцсэн дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, шатахууны гадаад зах зээлээс хамааралтай байдлыг бууруулах чиглэлээр газрын тосны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна гэлээ. Энэ хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дорноговь аймагт барихаар Засгийн газар шийдвэрлэсэн аж. Засгийн газрын зүгээс үйлдвэрийн барилгын ажлыг 2018 онд багтаан эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1 тэрбум орчим ам.долларын гадагшлах урсгалыг зогсоож, шинээр 500-600 байнгын ажлын байр бий болж, импортын хараат байдлыг арилгахаар тооцоолжээ.

Барилга, хүнд үйлдвэр, эдийн засгийн суурь бүтэц болох ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, уул уурхай, барилга, дэд бүтцийн байгууламжийн үндсэн нэр төрлийн төмөр, ган хийцийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, импортын хамаарлыг бууруулах төслийг эрчимжүүлж буй аж. Уг ажлын хүрээнд жилд 100 мянган тонн ган арматур үйлдвэрлэх хүчин чадалтай ган, төмөрлөгийн үйлдвэрийг “Бэрэн групп” ХК нь Эрдэнэт хотод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бөгөөд үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банкнаас 56.4 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор дэмжсэн бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орсноор ган арматурын импортын хэмжээ 30-40 хувь буурч, валютын гадагшлах урсгал багасч, барилгын гол үндсэн түүхий эдийн үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ гэлээ.

Зэсийн баяжмалыг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын хэмжээ, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээнд жилд 1 сая тонн зэсийн баяжмал боловсруулж, 257.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд барьж байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Төслийн хүрээнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 500 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоо гарсан. Засгийн газраас хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, холбогдох судалгаа хийх ажлуудыг хэрэгжүүлж буй аж.

Угсармал барилгын үйлдвэрийг хөгжүүлэх замаар барилгын материалын импортын хэмжээ болон барилгын салбарын өртөг, зардпыг бууруулах арга хэмжээг авч, энэ хүрээнд жилд 250,000 м.кв ашигтай талбай үйлдвэрлэх хүчин чадалтай байшин үйлдвэрлэх комбинатыг Хөгжлийн банкны зээл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулаад байна. Тус үйлдвэр нь улирал харгалзахгүй үйл ажиллагаа явуулах бөгөөд барилгын материалын импортын хэмжээг бууруулах, шинээр 300 хүний байнгын ажлын байр бий болох боломж бүрдэнэ хэмээн сайд мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, хүнсний импортын хэмжээг бууруулж, иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах хүрээнд хоногт 1.5 тонн шингэн сүү хүлээн авах хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэрийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулж, дараагийн ээлжийн үйлдвэрүүдийг Хэнтий аймгийн Баянхутаг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дорнод аймгийн Баян-Уул, Баян-Дун, Дундговь аймгийн Өлзийт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Бууцагаан, Өвөрхангай аймгийн Богд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумуудад суурилуулахаар барилгын ажлыг бүрэн дуусгажээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Түүнчлэн, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилтыг хангах бодлогын хүрээнд Засгийн газар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлж, ноолуурын түүхий эдийн экспортыг бууруулан эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хүрээнд 2020 он хүртэлх эхний үе шатны зорилтыг хэрэгжүүлэх “Гурван тулгуурт хөгжлийн бодлого"-ыг Засгийн газар баталсан. Уг бодлогын хүрээнд:

·      Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа дундаж болон чинээлэг иргэдийн эрүүл хүнсний эрэлтэд нийцүүлэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ХҮНС ЭКСПОРТЛОГЧ УЛС болох;

·      Экспортын тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх;

·      Орчин үеийн мэдээллийн технологи, тээвэр, логистикийн дэд бүтэц, кластерыг хөгжүүлж, Аж үйлдвэржилтийн 4-р хувьсгалыг эхлүүлэх;

·      Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулан бизнесийн орчныг таатай болгох;

·      Татвар, нийгмийн даатгал, авлига, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах төр болон хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бүрдүүлэх зэрэг 27 зорилтыг хэрэгжүүлэх болно хэмээн сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн тэрбээр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд урт хугацааны зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч, салбарын бодлогын уялдаа холбоог хангах, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох шаардлага үүсээд байгаа билээ. Иймд Үндэсний хөгжлийн газарт “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хангахад чиглэсэн дунд хугацааны хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна хэмээсэн.

ШИНЭ МЭДЭЭ