Шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газар тэргүүллээ
2018.10.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газар тэргүүллээ

Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан Монголын нотариатчдын танхимаас нотариатын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав. 

Шатрын тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй нийт 18 баг өрсөлдсөнөөс УИХ-ын Тамгын газрын баг 12 оноогоор тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медаль хүртлээ. 

Улсын Их Хурлын Тамгын газрын баг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт ОУХМ Г.Алтан-Оч, ахмад ажилтан СМ Д.Ламжав, ахмад ажилтан СМ Г.Чулуун нарын бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.

Тэмцээн швейцарь системээр 7 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явагдаж, Өмгөөлөгчдийн холбоо, Дарханы хуульчдын баг тус тус 10 оноогоор хоёр, гуравдугаар байр эзлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ