2018.10.18
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Залуучуудын болон Багшийн хөгжлийн хуулиудыг гар хөлтэй болгох төсөв хэрэгтэй байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“Өнгөрсөн жил Залуучуудын хөгжлийн тухай хуулийг батлуулсан. Хэрэгжээд явж байгаа. Энэ жил эдийн засгийн нөхцөл, засгийн газрын тусгай сан байгуулахгүй гэдгийг хүндэтгэн үзээд Залуучуудын хөгжлийн санг байгуулах тухай хуулийн төслийг өргөн бариагүй. Харин ирэх онд энэ санг байгуулахгүй бол хууль хэрэгжихэд хүндрэлтэй байна. Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдэд гарааны бизнес эхлүүлэх гэх мэт хэрэгцээ байгаа юм. Үүнд тусгасан мөнгө 2019 оны төсөвт харагдахгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Залуучуудын хөгжлийн тухай хуулийг хэрэгжүүлж гар хөлтэй болгох тал дээр анхаарна уу? Мөн Багшийн хөгжлийн тухай хууль батлагдаад хэрэгжиж байгаа. Тодорхой төсөв тавигдсан байна. Үүний хувьсах зардлын 2 хувийг багшүийн хөгжилд зарцуулна гэж заасан. Хүүхдийн тооноос хамаарч өсөн нэмэгдүүлэх итгэлцүүрийг засгийн газар жил бүр батлана гэж заасан байгаа. Үүнийг төсвийн хуулинд яаж оруулсан бэ? Төсвийн тухай хуулинд норм нормативын стандартыг хэрхэн хангасан бэ?”

Н.Учрал гишүүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайд нар хариуллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэх ажлуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад нэг тэрбум төгрөг тавигдсан байгаа. Энэ хөрөнгөөс залуучуудын хөгжлийн асуудалтай холбоотойгоор таны хэлсэн хуулийн хэрэгжилтийн ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Мөн гарааны бизнесийг дэмжих замаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана. Энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийг тусгасан. Анх удаа. ”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан батлуулсан “Норм нормативын хууль” сангийн яамнаас явуулж байгаа ажилтай маш сайн таарч байгаа. Энэ хуулийг баримтлан ажиллахаар хичээж байна. Хувьсах зардал аймаг аймгаар ялгаатай байдаг байсан. Энэ хуулийн хүрээнд бид жигдрүүлэх ажил хийнэ. Төсөв батлагдсаны дараа Засгийн газар батлуулаад 2019 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүнд нэг сурагчид ногдох хувьсах зардал нэмэгдэхээр байгаа.”

ШИНЭ МЭДЭЭ