МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Худалдааны хуулийг батлаагүйгээс хөгжлийн мухардалд орж байна
2018.10.19
Улстөр

Б.Баттөмөр: Худалдааны хуулийг батлаагүйгээс хөгжлийн мухардалд орж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Ч.Улаан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнгөрсөн долоо хоногт Индонез улсад болсон ОУВС-гийн ээлжит хуралд оролцоод иржээ. Тус хурлын талаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Та ОУВС-гийн хуралд оролцоод иржээ. Ямар зорилготой хурал болов?

-ОУВС-гийн ээлжит хурал гурван жилд нэг удаа АНУ-аас бусад оронд болдог. Энэ удаагийнх Индонез улсад болж УИХ-ын гишүүд оролцлоо. Хурал болгон өөрийн гэсэн онцлогтой болдог.

ОУВС-гийн захирал тухайн хуралд анхаарах асуудал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мессеж, уриалга гаргаж түүний хүрээнд тулгарч байгаа асуудлыг хэлэлцдэг. Тухайлбал, 2017 оны хурал “Нар гарч байгаа дээр дээврээ засаад аваарай” гэсэн уриалга гаргаж байсан. Мөн өнгөрсөн хавар болсон хурал “Тэнгэрийн хаяанд хар үүл хуралдаж байна” гэсэн мессежийн хүрээнд болсон бол сая болсон хурал “Сорилтын жилүүд болох нь” гэж дүгнэж, ярилцсан.

ОУВС-гийн хурлаар дэлхийн эдийн засгийн байдал хүнд байна, гэхдээ гарах гарц бий гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Ялангуяа 2009 онд дэлхийн эдийн засагт үүссэн хямрал давтагдах магадлал өндөр гэдгийг оролцож байгаа орны төлөөлөгчид ярьж байна. Гэхдээ энэ удаагийнх өрийн хямрал байж болзошгүйг анхааруулсан. Хөгжиж буй орнууд маш их хэмжээний өр тавьж байгаа боловч эдийн засгийн тогтвортой байдал нь хангагдахгүй байна гэдгийг чухалчилж ярьсан. Өөрөөр хэлбэл, өр, эдийн засгийн харьцаа алдагдсан байна. Түүнийг засахын тулд олон улсын хамтын ажиллагаа төдийгүй тухайн улсын дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал шаардлага үүссэн гэж дүгнэлээ.

-Хурлаар ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж байгаа санхүүгийн хөтөлбөрийг хэрхэн дүгнэсэн бэ?

-Монгол улсын эдийн засагт сайн өөрчлөлтүүд гарсан, цаашид өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг энэ хэвээр хэрэгжүүлээд явбал тодорхой хугацааны дараа Монголын эдийн засагт сайн өөрчлөлт гарч зээлжих зэрэглэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Мөн хөтөлбөрийг ОУВС, дэлхийн банк анхааралтай ажиглаж байгаа гэж хэлж байна лээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар БНСУ 500 сая, Япон улсаас 850 сая ам.долларын урт хугацаатай хөнгөлттэй зээл авах боломжтой болсон шүү дээ. Индонезэд болсон хурлын үеэр бид дээрх хоёр орны төлөөлөгчидтэй уулзаж хөнгөлөлттэй зээлийг дахин ярилцсан. Зээлжих зэрэглэл ахих боломж үүсэж байгааг харуулж байна. 

-Манай улсын зээлжих зэрэглэл ямар түвшинд байгаа вэ? ОУВС-гийн хурлаар зээлжих чадвар сайжирсан гэж үзсэн үү?

-Сайн эдийн засагтай орнуудын зээлжих зэрэглэл өндөр, авч байгаа зээлийн хүү нь бага байдаг. Манай орны зээлжих зэрэглэл ахиж байна. Үүний нэг нотолгоо энэ долоо хоногт манай хөгжлийн банк жилийн 7.25 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг дэлхийн зах зээлээс ямар нэгэн баталгаагүйгээр босгож чадсан байна.

Мөнгө босгож чадаж байгаа нь сайн боловч 7.25 хувийн хүүг би өндөр байна гэж үзэж байгаа. Үүнээс бага байх боломжтой. Яахав 2016 онд 10.8 хувийн хүүтэй зээл авч байсныг бодоход олон нэгжээр бууруулсан нь эдийн засагт гарсан нааштай үр дүнгийн нөлөө гэж харах юм даа.

-Дэлхийн банкнаас худалдааны ил тод байдал хангагдахгүй байгаагаас эдийн засагт үзүүлэх үр дүн бодитоор харагдахгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна лээ. Энэ юуг хэлж байгаа юм бэ?

-Дэлхийн эдийн засагт худалдааны дайнаас үүдэлтэйгээр тодорхойгүй нөхцөл үүссэн гэж үзэж байгаа. Худалдааны дайн эдийн засагт тэнцвэргүй байдал үүсгэж, улмаар сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс болж дэлхийн эдийн засагт популизм үүсэх суурь тавигдаж байна гэж ОУВС-ийн захирал Кристин Лагард хэлж байсан. Худалдааны голлох орнууд нэгэндээ худалдааны тариф тавьчихаар чөлөөт худалдаа үндсэндээ боомилогдож байна. Дэлхий улам глобалчлагдаж байгаа нөхцөлд нэг нь бараа бүтээгдэхүүний илүүдэлтэй, нөгөө нь хомсдолтой байж болохгүй.

-Манай улсын хувьд ч гэсэн худалдааны агентлаггүйгээс гадаад худалдаанд зохицуулалт хийж чадахгүй байгаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Манай гадаад худалдаа 30 жил зохицуулалтгүй явлаа. Өнөөдөр ГХЯ-нд арав хүрэхгүй хүнтэй, нэг газрын даргатай бүтэц гадаад худалдааны бодлогыг явуулж байна. Монголд худалдаагаар дамжуулж амьдралаа авч явдаг сая гаруй хүн байна. Гэтэл зохицуулалтгүй яваад байгаа нь маш буруу. Өнгөрсөн хугацаанд худалдааны тухай хуулийг гурван ч удаа өргөн бариад хэлэлцээгүй юм билээ.

Худалдааны хуультай болох хувилбарууд байгаа, худалдааны зохицуулалт хийх шаардлага ч тулгамсан байхад энэ хуулийг батлах эсэх нь тодорхойгүй байна. Зохицуулалт хийх наад захын жишээ гэхэд манай иргэд орлогоо төгрөгөөр олж зарлагаа ам.доллар, юаниар гаргадаг. Тэр нь болж валютын ханш нэмэгдэх бас нэг нөхцөл болоод байгаа. Энэ мэтчилэн олон зохицуулалт худалдааны хуультай болохыг шаардаж байна. Үүнээс гадна Засгийн газар, Монголбанк өөрсдийн чиг үүргийг хөөгөөд явчихаар хоорондын уялдаа алдагдчихаад байна. Үүнийг зангидах төрийн захиргааны төв байгууллагыг зайлшгүй бий болгох шаардлага тулгарч байгаа.

Эдийн засгийн байнгын хорооноос гаргаж байгаа зөвлөмжид гадаад худалдааны бие даасан бүтцийг бий болгохыг Засгийн газарт үүрэг болгосон.

• Хөгжлийн банк жилийн 7.25 хувийн хүүтэй 500 сая ам.долларыг дэлхийн зах зээлээс ямар нэгэн баталгаагүйгээр босгож чадсан ч зээлийн хүүг нь үүнээс бага байлгах боломжтой.

• Өнөөдөр ГХЯ-нд арав хүрэхгүй хүнтэй, нэг газрын даргатай бүтэц гадаад худалдааны бодлогыг явуулж байна.

• Гурван гишүүн сонгогдсон нэг аймагт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон.

-Гадаад худалдаанд зохицуулалт байхгүйгээс импортын хэмжээ 41.9 хувиар огцом нэмэгдэн валютын урсгал гадагшилж, ханш өсөх шалтгаан болж байна. Худалдааны агентлаг байгуулахаас гадна үүнийг зохицуулах арга юу байна вэ?

-Эдийн засаг тэлж орлого нэмэгдэхээр импорт өсдөг. 2018 оны төсвөөс Ждү-д 72 тэрбум төгрөг өгч байгаа. Тэд тоног төхөөрөмж авахаас эхлээд бараа, материал татах зэргээр импортын хэрэглээг нэмэгдүүлдэг. Үүнийг буруутгах аргагүй. Харин худалдааны хуулийг баталвал импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалт хийгдэх сайн талтай. Мөн хөрш орнуудаас импортлож байгаа бүтээгдэхүүний төлбөрийг юань, рублиэр хийдэг болчихвол валютын ханшийг тогтвортой барихад нөлөөлнө.

Ер нь гадаад худалдааг чөлөөт зах зээл, далд гар зохицуулна гэж даатгасан нь хөгжлийн мухардалд хүрсэн олон шалтгааны нэг болсон. Тэгэхээр төрийн зохицуулалт үүнд зайлшгүй шаардлагатай.

-Ирэх оны төсөвт нийслэл, орон нутагт сургууль, цэцэрлэгийн барилга барихаас эхлээд маш олон хөрөнгө оруулалт шаардсан ажлууд хийхээр тусгасан. Түүнийг дагаад импортын хэмжээ ч энэ оны өсөлтөөс давахаар байна. Тэгэхээр валютын урсгал ч тэр хэрээр гадагшлах болж байна шүү дээ?

-Төсвийн зарлага 11.5 их наяд байгаа. Зарлагын реформыг хийх шаардлага бас бий. Өнөөдөр Монгол улсад шийдвэрлэх асуудал маш ихээр хуримтлагдсан байна. Хүүхдийн эрхийг хангахын тулд цэцэрлэг сургууль барих ёстой, өвчлөл их байгаа учир эмнэлэг барих ёстой болж байна. Энэ мэтчилэн тооцохоор төсвийн 1.3 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх юм. Манай урсгал зардал 8.2 их наяд төгрөг болж байна.

Энэ нь зайлшгүй гарч байгаа зардал. Хамгийн гол нь эдийн засгаа тэлж баялаг бий болгох, баялгийн менежментийг сайжруулах шаардлага байна. Монгол улсад Менделеевийн үелэх системийн 113 элементийн 83 нь баялаг хэлбэрээр байна. Манай улс байгалийн менежмент муу байдгаас баялгаас орох орлого чамлалттай. Түүнийг сайжруулж чадвал орлого нэмэгдүүлж ард иргэдийнхээ амьдралыг өөд татан, бүтээн байгуулалт хийх боломж дүүрэн байна.

-Төсөвт УИХ-ын гишүүн бүрт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хуваарилсан гэсэн яриа яваад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм хуваарилалт хийгээгүй. Таван тэрбум гэдэг тоо яаж гарч ирсэн гэхээр гурван гишүүн сонгогдсон нэг аймагт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ бол улсын бодлогоор хийгдэж байгаа хөрөнгө оруулалт. Түүнийг гишүүдэд хуваарилсан мэтээр ташаа ойлголт гарсан байна лээ. Боломжтой бол тав биш, 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа шүү дээ. 

ШИНЭ МЭДЭЭ