“УЛС ТӨР БА ЦААЗААР АВАХ ЯЛ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2018.10.24
Хүний эрх

“УЛС ТӨР БА ЦААЗААР АВАХ ЯЛ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монголын Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран улс төр судлаачид, их дээд сургуулийн улс төрийн тэнхимийн эрдэмтэн багш нар, оюутнуудад “УЛС ТӨР БА ЦААЗААР АВАХ ЯЛ” сэдвээр хэлэлцүүлэгийг өнөөдөр МУБИС-ийн А-300 танхимд амжилттай зохион байгууллаа. 

Цаазаар авах ял нь хүний амьд явах эрх болон хүний эрхэм чанартай байх эрхийг ноцтойгоор зөрчиж, хүнд угаас заяасан үндсэн эрхийг төрийн зүгээс үгүйсгэж буйг харгалзан НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /ИУТЭОУП/ зэрэг хүний эрхийн суурь баримт бичгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг. 

Уг пактад нэгдэн орсон гишүүн улс болохын хувьд ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг Улсын Их Хурлаас 2012 онд соёрхон баталсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний амьд явах эрхийг бодитоор хамгаалах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах зорилтыг хангахад чухал алхам болсон. 

Гэвч 2017 оны 10-р сараас эхлэн Монгол улсад цаазаар авах ялыг сэргээх эсэх асуудлыг тойрсон маргаан, мэтгэлцээн гарах болсон. Төр эрх мэдлээ ашиглан хүнийг цаазаар авч амьд явах эрхийг зөрчсөнөөр хүний бусад бүх эрхийн халдашгүй байдал алдагддаг.

Мөн цаазаар авах ял нь хорих ялаас илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэх үндэслэл, нотолгоо өнөөг хүртэл олдоогүй байна. Ийм атал цаазаар авах ялыг сэргээхээр оролдох нь Монгол улс олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчин, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хамгаалах үүргээ умартсан хэрэг болох юм.

Монгол улсын Үндсэн хуулинд заасан амьд явах эрхийг тойрсон асуудлаар эрдэмтэн, судлаачдын дунд явуулсан уг хэлэлцүүлэгт
  • МУБИС-ын баг доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг “Цаазаар авах ялыг сэргээснээс үүдэн гарч болзошгүй улс төрийн үр дагавар”,
  • Хууль сахиулах их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хууль зүйн ухааны доктор (Ph.D), цагдаагийн хошууч Б.Мөнхдорж “Онц ноцтой гэмт хэргийн гаралт түүнд нөлөөлөх хүчин зүйл”,
  • Хүний Эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ “Олон улсын гэрээний асуудал“,
  • Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар”Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цаазаар авах ял” сэдвээр илтгэл тавьж, Монголын Эмнести Интернэшнлээс цаазаар авах ялын эсрэг байр сууриа танилцуулан, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Судлаачдын зүгээс Монгол Улс ИУТЭОУП-ын цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II Протоколоос буцаж гарах боломжгүй болохыг Гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцийн холбогдох заалт болон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 26 дугаар Ерөнхий зөвлөмжөөр зохицуулсан болохыг тайлбарлав. Мөн онц хүнд гэмт хэргийн гаралт, түүнд нөлөөлөх хүчин зүйл цаазын ялтай ямар ч холбоогүй бөгөөд хувь хүн, нийгмийн харилцааны шинжтэй хүчин зүйл, стрессээс хамаарч байгаа ба цаашид онц ноцтой гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд цаазын ялаар бус боловсролын тогтолцоо, хүмүүжлийн арга хэлбэрээр урьдчилан сэргийлэх ажил явуулах нь зүйд нийцнэ хэмээн онцоллоо. 

Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг.

Цаазаар авах ял нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд заасан хүний амьд явах эрхийг зөрчдөг бөгөөд туйлын хэрцгий, нэр төрийг доромжилсон хүнлэг бус ял шийтгэл юм.

Монголын Эмнести Интернэшнлийн 70004705, 70004708, утсаар холбогдож авах буюу mongolia.amnesty@gmail.com хаягаар холбогдож авна уу.

Монголын Эмнести Интернэшнл

ШИНЭ МЭДЭЭ