МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа
2018.10.26
Гадаад харилцаа

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 

Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээг 1993 онд тус тус байгуулжээ. Улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахтан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр улсын холбогдох байгууллагууд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Астана хотод гарын үсэг зурсан байна.

Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэнээ, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлж авчээ. Энэ оны 10 дугаар сарын байдлаар манай улсын 6 иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг  нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Иймээс “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд Д.Мурат, Н.Оюундарь, Ж.Батзандан нар асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү хуулийн төслийг соёрхон батлах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ