УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа
2018.10.29
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Канадын Элчин сайд Дэвид Уиллиам Спрултай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр (2018.10.29) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрултэй уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд, санал солилцох уулзалтын хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэнд ноён Элчин сайдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Канадын Засгийн газар, Канадын Элчин сайдын яам, “Канад сан”-гаас Монгол Улсад цөөнгүй төсөл хэрэгжүүлж, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв.  

Тэрбээр мөн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг одоо байгаа түвшинээс ахиулан, өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв.

Элчин сайд Дэвид Уиллиам Спрул, санал солилцох уулзалт зохион байгуулсанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт талархал илэрхийлээд Канад Улсын зүгээс Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Канадын парламентаас улс орнуудын парламентын ажилтнуудад зориулан жил бүр зохион байгуулдаг чадавхижуулах сургалтад Монгол Улсын парламентын ажилтнуудыг энэ жил мөн хамруулах талаар ярилцсан.

Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар мөн санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс парламентад сонгогдсон гишүүний хувьд “Канад сан”-гаас  Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерийн лабораторийг засварлах төслийг хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ