МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ыг тараах талаар гишүүдийн байр суурь
2018.10.31
Улстөр

УИХ-ыг тараах талаар гишүүдийн байр суурь

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн үзэж, өөрсдийн саналаар тарах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр /2018.10.29/ гардуулсан билээ. Эл асуудлаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.


Ё.Баатарбилэг: Бид нар дөнгөж танилцаад байж байна. Хоёр үндэслэл тавьсан байна лээ. Нэгдүгээрт улсын төсөвт гишүүд тойрогтоо мөнгө зарцуулсан гэх агуулга байна лээ. УИХ-ын гишүүд ажлаа хийж, хууль баталж байна. Аль ч хуулийг батлахдаа олон талаас нь ярьж, мандатаар сонгогдсон гишүүд тойрогтоо тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлэхийн төлөө асуудал хөндөж ярьдаг шүү дээ. Тэр тал дээр УИХ-ын гишүүд хууль зөрчсөн юм байхгүй гэж бодож байна.

Д.Дамба-Очир: Маш хүнд байсан улс орны эдийн засгийг өөд нь татаад явж байна. Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналыг манай 65-ын бүлэг аль болох дэмжиж байгаа. Унагаагаад эсэргүүцээд байгаа юм байхгүй.

Замбараагүй байдал, үймээн самуун үүсч болохгүй. Хууль бусаар засгийн эрхийг авч болохгүй гэж би хэлмээр байна. Би бол Ерөнхийлөгчийн өчигдрийн өргөн барьсан саналтай санал нийлэхгүй.

М.Билэгт: УИХ-аар хэлэлцэх байх. УИХ-ын гишүүд л шийднэ л дээ. Миний бодол бол одоо жил гаруй хугацаа л үлдлээ. Наана нь УИХ тараад дахиж сонгууль болох нь ард түмэнд өгөөжтэй биш. Нэг жилийн дараа л энэ УИХ-д үнэлгээ дүгнэлт өгөх цаг болж байна. ЖДҮ-ийн зээл яг эзэддээ очиж чадаагүйтэй санал нэг байгаа. УИХ бол ажлаа сайн л хийж байгаа гэж бодож байна.

Л.Мөнхбаатар: Өмнөх УИХ-уудтай харьцуулахад ямар байгаа талаар та бүхэн гаргаад судлаад үзээрэй. Би бол их ажил хэрэгч парламент гэж үзэж байгаа. Төсөвтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх байгаа. ЖДҮ-ийн асуудал бол цөөн тооны гишүүдийн асуудал байх шиг байна. Ажлын хэсэг гаргаад шалгахаар болсон. Бусдаар бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаж байгаа.

С.Жавхлан: ЖДҮ-ийн сангийн мөнгийг энгийн иргэд, ААН-үүд болон бор зүрхээрээ явж байгаа хүмүүст очдог байх гэсэн ойлголттой явсан. Гэтэл бүгд хуваагаад өөрсдөө болон авгай хүүхдүүддээ өгчихдөг гэдгийг сая л мэдлээ. УИХ-ыг тараах талаар бие даагч гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхэд эрт байна. Одоо ерөнхийлөгчийн бичгийг УИХ-ын дарга ямар хариу өгөх нь үү. УИХ-аар хэлэлцэх нь үү, үгүй гээд буцаах нь уу. Миний байнгын илэрхийлж байгаа байр суурь байгаа. УИХ маш муу ажиллаж байгаа. Тарах талаар ирэх долоо хоногт энэ хэдэн хулгайч нар, гишүүд ярьж байж би тэр үед ярина.

Ц.Нямдорж: ЖДҮ-ийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад дүнгээ хэлэх байх. УИХ-ыг тараах тал дээр та нар УИХ-ын даргаас л асуу. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй. Шийдвэр гаргах эрх нь УИХ-д байгаа. 

Ц.Даваасүрэн: Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал бол УИХ тарах хэмжээний биш. Өнгөрсөн УИХ-уудтай харьцуулахад өмнөхөөсөө дээрдсэн доордсон гэх юм алга. энэ чинь бас төр шүү дээ. Хэн нэгэн гарч ирээд төрөө тараана, эмхлэн байгуулна гээд байдаг. Өвөл болоод, өвөлжилт, зуд турьхан ойртсон байна. Тэр ЖДҮ-ийн зээл авсан гишүүдийн асуудал л яригдана биз. Гишүүд зээл авсан гээд УИХ тарахгүй шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ