Абу Даби хотод Элчин сайдын яам нээхийг дэмжив
2018.11.07
Гадаад харилцаа

Абу Даби хотод Элчин сайдын яам нээхийг дэмжив

Өнөөдөр АБГББХ-ны хуралдаан болж, Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг зөвшилцөв.

Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлыг Гадаад,харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гуравдагч хөрштэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу уг асуудлыг зөвшилцөхөөр оруулж ирж буйг сайд танилцуулав.

Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгаа бөгөөд одоогоор хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 10-аад гэрээ, хэлэлцээр хэрэгжиж байгаа аж.

   АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг юм байна.

   Танилцуулгаас үзэхэд АНЭУ-д манай улсын 40 гаруй иргэн байнга оршин суудаг, сүүлийн жилүүдэд манай иргэд хувийн хэргээр зорчих нь нэмэгдэх болжээ. Иймээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, түүнчлэн манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах үүднээс Абу Даби хотод Элчин сайдын яам нээж ажиллуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байна.

-ЭСЯ 3 ХҮНИЙ ОРОН ТООТОЙГООР АЖИЛЛАНА-

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын элчин сайдын яамыг нээн ажиллуулах ажлыг зарчмын хувьд дэмжиж байна. ЭСЯ байгуулахад шаардагдах зардал тооцоо нь хэдэн төгрөг гарч байна? Хэдэн оноос үүнийг шийдвэрлээд явъя гэж бодож байна? Төсөв хэлэлцэх үеэр энэ тооцооллоо шингээсэн байсан уу?

ГХС Д.Цогтбаатар: Шаардагдах зардал, тооцоог бид 3 орон тоотой байхаар тооцсон. Гэхдээ үүн дээр байрны түрээс, унаа тэрэг, үйл хөдлөх хөрөнгө гээд зохицуулах зүйлс бий. Энэ зардлуудыг цаад талаас эхний 3 жилдээ дэмжинэ хэлцэл бий. Тиймээс төсөвтөө тусгагдаагүй. Яваандаа тусгагдаад явна.

-ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ХЭЛЭЛЦЬЕ-

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Манай улсаас гадаад улсад суух элчин сайдын яамдууд эдийн засгийн үр өгөөжөө өгөх ёстой. Тэр дундаа Арабын ертөнцөд  шинээр байгуулагдах элчин сайдын яам манай улс руу орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх цаашлаад эдийн засаг, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрэх ёстой. Элчин сайдуудын яамдуудын эдийн засгийн үр өгөөжийн тайлан мэдээллийг ГХЯ-наас он гараад УИХ-д танилцуулж, тайлагнах хэрэгтэй. Төлөөлөгчийн газрууд, элчин сайдын яамдууд болгон дээр төрийн төсөв хөрөнгө зарцуулагдаж байдаг. Гэхдээ эргээд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх ёстой.

Ингээд АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ