Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэнэ.
25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна.
БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм.