МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг дэмжив
2018.11.14
Эдийн засаг, Худалдаа

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг дэмжив

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-  Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.

-  Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаан болно. Үүнд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэж, эдийн засаг, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ус, усны менежмент, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцох юм.

-  Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор тогтлоо. Хэлэлцээрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн, Хэнтий аймгийн Чингис, Булган аймгийн Булган, Дундговь аймгийн Мандалговь, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд бохир усны цэвэрлэгээний байгууламж барьж, ариутгах татуургын шугам сүлжээг өргөтгөх юм.

-  “Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярт олгохоор болов.

-  “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг батлав. Газраар хувь нийлүүлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтлах юм. 

ШИНЭ МЭДЭЭ