2018.11.15
Хууль, эрх зүй
Б.Энх-Амгалан: Шүүх хууль дээдлэх зарчимаа баримталж ажиллах ёстой
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1,2 дахь заалтыг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцууллаа.
Нэр дэвшигч Сосорбарамын Соёмбо-Эрдэнэ нь Анхан болон давж заалдах шатны шүүхэд 12 жил шүүгчээр ажиллажээ. Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгаруулалтад 70.6 оноо авсан. Мөн нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын Хуульчдын холбооноос мэргэжил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн дүгнэжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох тухай хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
“Шүүх шударга бус байна гэж олон түмэн ярьж байна. Шүүхийн энэ асуудлаас болж хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна гэж байгаа. Шүүх авлигад идэгдсэн байна гэж ярьж байгаа. Энэ талаар шүүгчийн дансанд олон сая төгрөг байна. Он цаг нь томоохон асуудалтай давхцаж байна. Үүнийг ШЕЗ авч үздэг юм уу үгүй юм уу? Олон асуудал дээр шүүх шударга бус хандлаа гээд байна. С.Зоригийн хэрэг дээр ганц амьд гэрчийг нь оруулаагүй шийдсэн. Гэтэл одоо хэргээсээ буцаж байна гэх юм. Бараг мансууруулах бодис өгч байгаад хэрэг хүлээлгэсэн гээд яриад эхэллээ. 13 настай охины амь насыг хохироосон. Аав нь охиныг минь биеэ үнэлэгч байсан гэлээ гээд шуугиад байна. 2012 оны Өвөрхаггай сонгуулийн асуудлыг ХУД-ийн шүүх дээр шийдэж байна. Гадаад иргэний татварыг өршөөгөөд гаргаад явуулсан. Энийг яагаад эргэж үзэхгүй байгаа юм. Эрдэнэтийн 49 хувь дээр УИХ, ЗГ шийдвэрээ гаргасан. Бас л шүүх дээр зогссон. Эдгээрийг хэн шийдэх юм бэ? Энэ чинь яваад байвал иргэд нийгэм бухимдаад байна шүү дээ. Тавантолгойгоос олон мянган тонн нүүрс хулгайлсан гээд л байдаг. Үүн дээр анхаарал тавьж байна уу үгүй юу? Шүүх шийдвэр гаргахдаа хууль дээдлэх зарчимаа баримталж байна уу?” гэж асуулаа.
Түүний асуултанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хариуллаа.