МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
2018.11.19
Гадаад харилцаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй ба, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, Б.Энх-Амгалан нар байлцав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд, хоёр улсын харилцаа болон Монгол Улсын Их Хурал Төрийн Дум, Холбооны зөвлөлтэй нягт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын бүтэц, онцлог хийгээд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажил, зарим хуулийн талаар товч мэдээлэл өгөв.

Мөн хоёр улсын бүс нутаг, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа  зохих түвшинд хөгжиж байгааг тэмдэглээд, Халх голын ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинийг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийхээр бэлтгэж буйг дуулгасан.

Энэ үеэр мөн Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудыг уламжлалт хөрш ОХУ-гүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн  жилүүдэд зогсонги байдалд орсон гээд, одоо яригдаж байгаа Улаанбаатар төмөр замын текникийн шинэчлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл зэрэг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Дараа нь Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй ба, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас хэлсэн үгэндээ, ОХУ-ын улстөрийн өнөөгийн байдал, бүс нутгийн сонгууль болон Үндсэн хуулийн 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа талаараа мэдээлэв.

Мөн ОХУ-д иргэд цахимаар сонгуульд санал өгөх боломж бүрдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсэж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Уулзалтад Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй ба Төрийн байгуулалтын хорооны орлогч дарга Александр Богданович Карлин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн Ирина Валерьевна Рукавишникова нарын төлөөлөгчид байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ