Б.Ганхуяг: Иргэд 1072 хувьцаанаас ашиг хүртэх хугацаа тун ойрхон болсон
2018.11.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Ганхуяг: Иргэд 1072 хувьцаанаас ашиг хүртэх хугацаа тун ойрхон болсон

Орхон аймаг т “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн анхны салбарын нээлтийн үйл ажиллагаа гаа эхлүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн Б.Ганхуягтай ярилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн цаг үеийн байдал ямар байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани маань Монголчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд өртсөн том компани болж хувирсан учраас бидний үйл ажиллагаа маш эрчимтэй, өндөр үр ашигтайгаар үргэлжлэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. 2018 оны төлөвлөгөөгөөр 959 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлэх үүрэг хүлээж авсан бол өнөөдрийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөгөө 700 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Улсын төсөвт бид 256 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэйгээс өнөөдрийн байдлаар 440 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн амжилттайгаар ажиллаж байна. Хувьцаат компанийн хувьд цэвэр ашиг гэдэг маш том үзүүлэлт байдаг. Ялангуяа 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон төрийн зүгээс хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйл. ТУЗ-өөс баталснаар 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах үүргийг бид 2018 онд хүлээгээд ажилдаа орсон бол өнөөдрийн байдлаар 600 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Тэгэхээр санхүүгийн үзүүлэлтийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК үр ашигтай, өндөр бүтээлтэй ажиллаж байна гэдгийг хэлэхэд таатай байна.

-Танай компани олон улсын зах зээлд хувьцаагаа гаргахаар болоод байгаа шүү дээ. Яг хэзээнээс IPO гаргах вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт хувьцааныхаа 30 хувийг IPO хэлбэрээр олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, хөрөнгө босгож, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх шийдвэрүүдийг УИХ болон Засгийн газрын хэд хэдэн удаагийн тогтоолоор баталгаажуулж гаргасан. Энэ компани яах нь вэ, ямар үр ашигтай ажиллах нь вэ, одоогийн нөхцөл байдал нь ямар байх вэ гэдэг дээр дэлхий нийт чих тавин анхаарал хандуулж байна. УИХ-ын 73 дугаар тогтоолоор 360 хоногийн хугацаанд олон улсын зах зээл дээр 30 хувь хүртэл IPO гаргах хугацаатай үүргийг өгсөн байдаг. Аливаа зүйл дээр маш тодорхой хугацаатай, очих газартай, хүрэх үр дүнтэй байж үр дүн гардаг. Эхний хагас жилийн хугацаа бол ирэх арван хоёрдугаар сарын 31-нээр тасалбар болж дуусч байгаа. Энэ хугацаанаас өмнө 7 алхмыг хийсэн байх үүрэгтэй. Ирэх оны дөрөв болон зургадугаар саруудад олон улсад IPO гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Тавантолгойн ордын нөөц хэр баталгаатай байдаг вэ?

-Мэдээж компанийн үнэ цэнийн асуудал маш чухал. 2018 оны наймдугаар сарын 26-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н ашиглалтын 8 лиценз, 5 хэсэг бүхий газрын нөөцийн нэгдсэн тайланг батлуулсан. Өмнө нь хэсэгчилсэн тайланг батлуулан ажиллаж байсан. Бид хэсэгчилсэн тайлангаар 5.1 тэрбум тоннын нөөцтэй байсан бол нэгдсэн тайлангаар 6.3 тэрбум болж өсч тогтоогдсон. Мөн дээрээс нь чанарын үзүүлэлтийг тогтвортой баталгаажуулж чадсан. Түүнчлэн нөөц өссөнийг ахин баталгаажуулж чадлаа. Нөөц өснөө гэдэг маань компанийн үнэ цэнэ улам баталгаатай болж, цаашид олон улсын хөрөнгийн зах зээлд өндөр үнэлгээтэй болох магадлал улам бүр өсч байгаа юм. Тэгэхээр нөөц, санхүү 2 баталгаатай боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК гадаад, дотоод бүх өрөө бүрэн барагдуулсан гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар та тайлбар хийхгүй юу?

-Манай компани гадаад болон дотоодод ямар ч өр төлбөргүй болсон. 2011, 2012 онуудад “Чалко” компанийн 350 сая ам.долларын өртэй байсан. Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өртэй байсан. Ингээд нийтдээ 550 сая ам.долларын өртэй байсан бол “Чалко” компанийн өрийг 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр, Хөгжлийн банкны өрийг энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр тэглэснээс бүх өрөө бүрэн барагдуулсан байгаа. Тэгэхээр бид дэлхийн үндэстэн дамжсан томоохон компаниудын нэгэн адил дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх боломжтой боллоо гэж ойлгож болно.

-1072 хувьцаанаас Монголчууд яг хэзээнээс ашиг хүртэж эхлэх вэ?

-Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн компани тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг боддог байгаа. Манай компанийн нийт хувьцааны 14.5 хувийг 1072 хувьцаатай иргэд эзэмшиж байдаг. Энэ онд 600 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаагаа хэлсэн шүү дээ. Тэгвэл энэ цэвэр ашгаас 14.5 хувийг нь иргэдэд ногдол ашиг хэлбэрээр олгох эдийн засгийн суурь орчин бол бүрдчихээд байгаа. Гэхдээ хувьцааны 80 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгаа учраас ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэг иргэнд хэдэн төгрөгийн ашиг өгөх вэ гэдгээ гаргах ёстой. Тэгэхээр ирэх оны дөрөвдүгээр сард тодорхой болно. Хоёрдугаар сарын сүүлээр гэхэд энэ оны санхүүгийн жилийн аудитлагдсан тайлан бүх компаниуд дээр гарж эцэслэгдэнэ. Энэхүү тайлангийн дараа ТУЗ хуралдаж, дараагаар нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ. Тэгэхээр иргэд 1072 хувьцаанаас ашиг хүртэх хугацаа тун ойрхон болсон гэж ойлгож болно.

-Эрдэнэт хотод 1072 хувьцааны мэдээллийн төвийн салбар нээгдлээ. Энэ төв яг ямар зарчмаар ажиллах юм бэ?

-Энэ төв маань гурван төрлийн ажлыг хийнэ. Эхнийх нь мэдээж “Эрдэнэс Тавантолгой” ХК, IPO, дээрээс нь манай дагалдах төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг байнга өгч байх ёстой. Хоёрт, тухайн иргэнд энэ компанийн 1072 хувьцаа байна уу, ямар төрлийн мэдээлэл байна, хувьцаатай холбоотой ажлууд хэрхэн явагдаж байна, яаж энэ хувьцааг бүртгүүлэх үү гэдэг мэдээллийг иргэдэд өгнө. Гуравт, хөрөнгийн зах зээл, хувьцааны зах зээлд иргэн яаж орох уу, хувьцаа аваад түүнээсээ ашиг хүртэх боломжтой байна уу гээд хувьцааны хөрөнгийн зээлийн мэдээллийг өгнө.

Эцэст нь хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” компани дэлхийн санхүүгийн зах зээлд 3 сая Монголчуудын нэрийн хуудас болох боломж нь бүрдчихсэн байгаа гэж хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ