2018.11.22
Улстөр
Ё.Баатарбилэг: Шударга ёсны сэлэм нь яагаад өөрийг нь хүрээлсэн хүмүүс дээр яригддаггүй юм бэ
Сэтгүүлч Т.Батсайхан
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Та У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан. Ер нь гарын үсэг зурсан үндэслэл тань юу байв. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Ерөнхий сайдыг огцруулахаар нэр бүхий гишүүд гарын үсэг зурж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Олон нийтийн дунд маш их хэл ам дагуулсан ЖДҮХС-гийн асуудал, 2019 оны Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Турк сургуулийн захирлын баривчилгаа болон Үндэсний аюулгүй байдал, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага гээд Засгийн газрын үйл ажиллагаанд доголдолтой асуудал олон байна. Мөн У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо дэг журам, шударга ёсыг тогтоохоор ярьж гарч ирсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдын хэлсэн үг хийж байгаа үйлдэл хоёр нь зөрөөд байна.
Хамгийн сүүлд гэхэд ЖДҮХС-гаас кабинетын сайд нар нь зээл авсан асуудал орж ирэхэд өөрсдөдөө хариуцлага тооцож чадсангүй. Бүлгийн гишүүд шаардлага хүргүүлэхэд эргээд бүлгийн дарга, хотын дарга, УИХ-ын дарга нарыг огцруулна гэсэн асуудлыг гаргаж ирлээ. Удирдах зөвлөл, бүлгийн гишүүдээ талцууллаа. Үнэхээр сахилга хариуцлагын асуудал ярьж байгаа бол намын дарга, Ерөнхий сайд хүн ийм байж болохгүй. Мөн Ерөнхий сайд өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Энэ агуулгаараа Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын өмнө онцгой үүрэг хүлээсэн хүн. Ийм байж УИХ-ын чуулганы индэр дээрээс “Ард түмэнтэйгээ нийлж, гудамжинд гарч тэмцэнэ, тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно” зэргээр олон нийтийг турхирч болохгүй л дээ.
-Намын дарга тань залуусаа цуглуулж “жагс, тэмц” гэсэн даалгавар өгсөн гэж яриад байгаа. Энэ үнэн үү?
-Сүүлийн 14 хоногийн хугацаанд Төрийн ордныг тойрсон жагсаал цуглаан идэвхжиж байна. Мөн үндэсний нацист үзэлтнүүд энэ асуудлыг дэвэргэсэн хэвлэлийн хурал ч хийж байна. Намын байран дээр цэргийнхнийг цуглуулсан гэсэн яриа ч гарсан. Тэгэхээр энэ бүхнийг үгүйсгэх аргагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн маань өөрөө эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм биш биз дээ гэсэн айдас болгоомжлол байна. Аль ч улс оронд эмх замбараагүй байдал үүсгэж түүгээр далимдуулан төрийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах асуудал гардаг. Ийм зам руу бид явж болохгүй.
–Ерөнхий сайдын зүгээс ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол та бүхний зүгээс тохиролцох ч юм уу, тийм гарц гаргалгаа үлдсэн үү?
-Намынхаа бүлгийн хурал дээр удаа дараалан гишүүд рүүгээ дайрч хэл амаар доромжилж, хууль хяналтын байгууллагаар шалгуулна, та нарыг шоронд хийнэ гэх зэргээр дарамталж байна. Энэ нь үнэхээр Ерөнхий сайд, намын даргын зүгээс байж боломгүй хандлага юм. ЖДҮХС-тай холбоотой хууль хяналтын байгууллагын шийдвэр гараагүй байна. Үнэхээр хамаарал бүхий компаниараа зээл авсан асуудал байгаа бол гишүүд ёс зүйн хариуцлага хүлээгээд уучлал гуйж, зээлээ буцааж төлөөд явах учиртай. Зарим гишүүд эхнээсээ маань ёс зүйн хариуцлагаа хүлээгээд явж байна. Бидний зүгээс тавьсан шаардлагууд бол Ерөнхий сайдын эрхийн хүрээнд шийдээд явах боломжтой тийм л асуудал. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар ганцхан ЖДҮХС болон бусад сангуудтай холбоотой гишүүддээ хариуцлага тооцоод явах боломжтой. Мөн намын холбогдох албан тушаалтнууд энэ асуудалд холбогдсон. Намын даргын зүгээс хариуцлага тооцоод явж болно. Түүнд бүрэн эрх нь байна, хариуцлага тооцох, шударга ёс тогтоох боломж У.Хүрэлсүхийн гарт байна. Гэтэл яагаад хариуцлага шударга ёсны сэлэм нь нэг хэсэг дээр нь буугаад харин өөрийнх нь дотно найз нөхөд дээр яригддаггүй юм. Ийм шударга ёс гэж байхгүй. Энэ асуудлаас болж намын гишүүдээ дарамталж, доромжилж байгааг би хувь гишүүний хувьд, иргэн Ё.Баатарбилэгийн зүгээс ч тэвчиж чадахгүй. Ийм удирдлагыг би хүсээгүй.
-2019 оны төсөв нэлээд асуудал дагуулж байна. Энэ ер нь ямар төсөв болчихов. Бүлгийн гишүүдээ Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж ав гэж шахсан асуудал байгаа юм уу?
-2019 оны төвсийн хуулийг өргөн мэдүүлэхээсээ өмнө бүх гишүүдээсээ санал авах учиртай. Шаардлагатай бол Ерөнхийлөгчийн саналыг ч сонсдог. Ингэж нэгтгэж оруулдаг. Төсөв өргөн мэдүүлэхээс өмнө Ерөнхийлөгч саналаа өгсөн юм билээ. Гэтэл түүнийг нь тусгаагүй оруулж ирсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэг хүртэл төсвөө батлаад явах ёстой шүү гээд л бүлэг дээр орж ирээд биднийг загнаад л явж байсан. Түүний дараа Ерөнхийлөгч хүртэл манай бүлгийн хурал дээр орж ирээд “Яагаад 20 гаруй хоногийн өмнө миний зүгээс хэлсэн санааг төсөвтөө тусгачихаагүй юм бэ. Ерөнхий сайд аа” гэж хэлсэн. Түүний маргааш Ерөнхий сайд бүлгийн хурал дээр “Төсвөө угаасаа эргээд татахгүй бол болохгүй юм байна. Ерөнхийлөгчийн 500 тэрбумыг тусгая” гэсээр орж ирсэн. Ийм хариуцлагагүй байж болохгүй л дээ. 2019 оны Төсвийн хууль ярьж байна шүү дээ. Одоо төсвөө эцсийн байдлаар гаргаж чадаагүй байтал 2019 онтойгоо золгох ийм нөхцөл байдал үүсчихлээ. Өмнө нь гүйцэтгэх засаглал, парламент ийм арчаагүй байдалд орж байсангүй. Ийм Засгийн газар цаашаа яаж явах юм бэ.
–Аюулгүй байдлын тухай таны ярианд нэлээд гарч байна. Та бүхний огцруулах үндэслэлд ч байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилладаг. Тэр ч утгаараа Турк сургуулийн захирлын баривчилгаатай холбоотой бүх материал над дээр ирсэн. Туркийн Элчин сайд надтай энэ асуудлаар уулзсан. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар ч хууль зөрчөөгүй гэсэн. Эндээс хүн хулгайлаад аваачсан байхад манай Засгийн газар оролцоогүй, мэдээгүй мэтээр тайлбар хийгээд л өнгөрсөн шүү дээ. Мөн өнгөрсөн хаваржин ШХАБ гэж ярьсан. Би элсэхгүй гэдэг байр суурьтай байсан. Энэ асуудлаас болж УИХ-ын чуулганы хуралдаан дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай нэлээд маргалдсан. Д.Цогтбаатар уг нь их боловсон хүн шүү дээ. Гэтэл над руу ямар муухай дайрсан бэ. Би гайхсан. Үүний цаана улс орны эрх ашгаас илүү ямар том эрх ашиг бий болчихоод ингэж дайрч давшилж байгааг нь ойлгоогүй. ШХАБ-ын асуудлыг хаанаас гаргаж тавьсан гэхээр манай Ерөнхий сайд л байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар асуусан. Гэтэл “Танай Засгийн газраас энэ асуудлыг явуулж байгаа” гэсэн тайлбар өгсөн шүү дээ.
–Эрх баригч намын хагарал сүүлдээ Монголын улс төрийн хагарал болж босч ирлээ. Монголын эрх ашиг яах вэ?
-Бид аливаа асуудалд хэт их туйлширч байна. Одоо бидэнд улс төрөөс илүү утааны асуудал хоолойд туллаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар агаарын бохирдлыг буурахаар нэг ч зүйл хийсэнгүй. Төсөв хэлэлцэхэд агаарын бохирдлыг бууруулахад тавьсан хөрөнгийн танаж орж ирлээ. Энэ нийгмийг бүрхсэн асуудалтай хэсгийг бүр хаяж байгаа юм байна гэж харсан. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудал дээр байдгаараа л шахаж шаардаж байна. Гэтэл Засгийн газар дээр асуудал гацдаг. Тэд хөдлөхгүй байна. Үүний цаана ямар зорилго байгааг ойлгохгүй байна. Сайд нар нь ажлаа хийдэггүй. Хоорондоо хэрүүл тэмцэлтэй, ашиг сонирхлын зөрчилтэй байна. Одоо бид үнэхээр Ерөнхий сайдтайгаа хариуцлага ярьж чадахгүй юм бол энэ УИХ тарах хэрэгтэй. Монголын төр гэж байгаа юм бол хариуцлагынхаа механизмыг ажиллуулах тэр цаг үе нь ирсэн байна. Би сонгогчиддоо үнэнийг хэлээд л ямар хариуцлага байдаг юм түүнийг үүрэхэд бэлэн байна. Аливаа зүйлээс айж эмээгээд байх ч асуудал алга. Ийм байдалтай эвлэрч 2020 онд хүрвэл Монгол Улс ямар хүнд нөхцөлд хүрэхийг мэдэхгүй байна.
–Агаарын бохирдлын асуудал дээр Н.Цэрэнбат сайд янданд утаа шүүгч байрлуулах хувилбар оруулж ирсэн. Гэсэн ч уначихлаа. Өөр ямар арга байна вэ?
-Засгийн газар ажлаа яаж хийж байгаагийн нэг жишээ энэ шүү дээ. Салбарын сайд нь төсөл оруулж ирсэн юм бол түүнийгээ хамгаалаад аваад гарч чадахгүй байна. Би үүний төлөө хариуцлага хүлээнэ гэж дуугарсан юм бол тэрэн шигээ явж чадахгүй өөрийнхөө салбарын төсвийг тануулж байвал одоо тэгээд хохино л гэж хэлмээр байна. Гэхдээ энэ асуудлын цаана иргэд л хохирч байна даа.
–МАН хоёр дахь Засгийн газраа огцруулахаар ярьж байна. Үүний та эрүүл үзэгдэл гэж харж байна уу?
-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцруулж байсан үеийн улс төрийн нөхцөл байдал, үндэслэл өөр л дөө. Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдсан, намын дотоод асуудал нэг талдаа явж байсан. Нөгөө талдаа хүүхдийн мөнгийг УИХ-ын шийдвэргүйгээр олгосон, концесс баталсан асуудал яригдсан. Тэр гурван үндэслэл бол өнөөдрийн бидний Засгийн газраа огцруулахаар тавьж байгаа долоон үндэслэлийн дэргэд маш жижиг асуудал. Ядаж Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын зарчмаа баримтлан ажилладаг байсан. Дотооддоо хэрүүлгүй, Ерөнхий сайдынхаа үгээр явдаг байлаа. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө тэр танхимдаа байсан хүн шүү дээ. Тэгээд өөрөө нөхөдтэйгөө таарахгүй байна гээд Засгаа унагачихаад цаашаа явсан. Ер нь би энд зориуд нэг зүйлийг хэлмээр байдаг юм. Манай намд хэдэн сайхан ахмад гишүүд байдаг. Парламентад олон удаа сонгогдсон тэднийгээ хүндэлж явдаг. Гэтэл энэ залуу гишүүддээ үлгэр дуурайлал болоод буруу зөрүү гишгэхэд загнаад зүглүүлээд явж болно доо. Монголын төрийн хөх үдээр шиг болсон сайхан хүмүүс байна даа. Гэтэл хаана эрх ашиг байна би тэнд байна гээд ил цагаан бүлгийнхээ хурал дээр зарлаад явж байгаа хүн байна шүү дээ. Шадар сайд Ө.Энхтүвшин ингэж ярьж суудаг. Энэ хүмүүс жилийн өмнө нь л энэ бол Засгийн газрыг огцруулах үндэслэл биш ээ гэж хэлээд сууж байсан ш дээ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БХБ-ын сайд Х.Баделхан, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар. Одоо өөрсдөд нь асуудал ирэхээр сандал суудалтайгаа зууралдаад зүтгэж байгааг нь харахад үнэхээр дур гутаж байна. Тэд эргээд нам доторх шинэ МАНАН-г үүсгэчихлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20