2018.11.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ё.Баатарбилэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр ингэж хайнга хандмааргүй байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос (2018.11.20) хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг холбогдох байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр хайнга, хам хум хандаж байна гэдгийг хатуухан хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
"УИХ-аас батлан гаргасан 46-р тогтоолын хэрэгжилттэй холбоотой тайлан гаргаж өгөхийг холбогдох тайлан ирүүлэхийн хүссэн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр ингэж хайнга хандмааргүй байна. Өнөөдөр хэд хэдэн яамнаас мэдээлэл ирүүлээгүй байна. Эрүүл мэндийн яамнаас ямар ч тайлан, төлөөлөл, санал ч ирүүлээгүй байна. Мөн Хүний эрхийн үндэсний комисс мөн адил байна. Тэгэхээр хамгийн их анхаарах ёстой газрууд нь яагаад ингэж хайнга хандаж байгаа юм бэ. Зарим нэг яамдаас ирсэн материал нь дэндүү хам хум, "хэрэгжүүлэхээр ажиллаж байна", "бэлтгэл ажлыг хангаж байна" гэсэн бичгүүд байна. Гэтэл 2018 оны гараад дуусах гэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол бүх цаг үед төр засгийн гол анхаарлын төвд байсан асуудал. Түүнээс биш гэнэт нэг сайд ирээд шинээр ажил эхлүүлэх тухай биш. Ийм байхад та нар яагаад ийм хайнга хандаж байгаа юм бэ. Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сантай болох тогтоол УИХ-аас Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг өгсөн. Гэтэл энэ яагаад хэрэгжээгүй байгаа юм бэ. Хөдөлмөрийн хуулийн 125 зүйлд заасан "25 аас дээш ажилтантай байгууллага, ААН нэгж заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулчихсан, ажиллуулаагүй бол тохирох татварыг нь төлөх ёстой. Үүнд хяналт тавьж ажилласан тайлан, хяналт та бүхэн яагаад хийгээгүй байгаа юм.
2018 оны 12 сарын 03 нд ХНХяамтай хамтраад "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган хуралдана. Энэ хурал дээр дээрх бүх асуудлууд яригдана байх. Үүний дараа хууль, тогтоомжийн хэрэгжилтээр нэгдсэн мэдээлэл сонсоно. Тэр үед бүх яамд тайлангаа, нэгдсэн нэг слайдаар бэлтгэж ирүүлээрэй.
Ингээд тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудаар Засгийн газарт болон, холбогдох агентлагуудад үүрэг чиглэл өглөө.