2018.11.27
Улстөр

Ж.Эрдэнэбат: Дарсан өр, томоохон бүтээн байгуулалтыг манай Засгийн газар бэлэн болгоод үлдээсэн

Өнөөдөр /2018.11.27/ төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

"Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын 27 гишүүний тавьж байгаа шаардлага бол Ерөнхий сайд таныг анх томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганы хурал дээр хэлсэн үг тань биелэхгүй байгаад гол учир байгаа юм. Та хэлэхдээ “Манай танхимын сайд нараас хууль бус зүйл бүү шаардаарай” гэж хэлж байсан. Гэтэл тэр үг тань хэнд зориулж хэлсэн болон таны тэр хэлсэн үгийг хүмүүс ойлгоогүй юм байна гэж дүгнэж байна.

Мөн танай кабинетэд байгаа сайд нар мэдээллийг буруу өгч байна гэж би харлаа. Сангийн сайд валютын ханшийн асуудлыг Монголбанк л хариуцдаг гэж байна. Гэтэл энэ ажлыг Засгийн газар хийж, түр хугацааны зохицуулалтыг Монголбанк интервенци хийж зохицуулах ёстой юм.

Сангийн сайд таны төлсөн гэж хэлж байгаа бүх өрийн мөнгийг манай Засгийн газар бэлдэж өгсөн. Чингис бондын 400 саяыг төлөөд 100 сая үлдсэн. Дэм сам бондын 160 саяыг төлбөрийн мөнгийг бид бэлдэж өгөөд буусан. Эдийн засгийн өсөлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 1 жилийн хугацаанд 4 хувиар өсгөж чадсан. Гэтэл өнөөдөр хэдэн хувиар өссөн юм.

Мөн сайд нар мэдээллээ буруу өгч байна. Дулааны станцыг цахилгаан станц болгож өөрчилсөн байна. Төв цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг гэрээ байгуулахад бэлэн болгоод үлдээсэн нь манай л Засгийн газар хийсэн.

Татвар төлөгчийн мөнгийг арилжааны банкинд байршуулсан гэж миний тэргүүлсэн Засгийн газрыг буруутгаж байна. Гэхдээ 9%-тай байсныг 15%-тай байршуулж цалин тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан юм. Энэ бол эдийн засгийн зөв бодлого юм."

ШИНЭ МЭДЭЭ