Философийн улсын X уралдаан амжилттай болж өндөрлөлөө
2018.11.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Философийн улсын X уралдаан амжилттай болж өндөрлөлөө

АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль болон Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага хамтран философи судалж буй оюутнуудын дунд Философийн улсын олимпиадыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Философийн улсын X олимпиад энэ жил “Философи, хүний эрхийн уулзварт: БИО ЁСЗҮЙ” сэдвийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Олимпиадын зорилго нь био ёсзүйн үндсэн зарчмын тухай мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, амьдралын олон талт үйл ажиллагааны явцад тэдгээр зарчмыг хүний эрхтэй уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх талаар шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүний эрхэм үнэт зүйлсийг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байв.

Олимпиадыг нээж хэлсэн үгэндээ Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн философийн чиглэлд олон ажил хийгдсэн онцлог сар болж буйг тэмдэглэж, философийн ач холбогдлын талаар тайлбарласан бол НЭМС-ийн захирал Д.Даваалхам био ёсзүй яагаад чухал, хүний эрхийг хүндэтгэх нь анагаах ухааны салбарт хэрхэн хэрэгждэг болсон талаар онцлон өгүүлэв.

Олимпиадыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатанд багуудын “Био ёсзүй” сэдвийн хүрээнд урьдчилан бэлтгэсэн видео бичлэг, фото зурагтай танилцаж, дараа нь тест ажиллууллаа. Харин хоёрдугаар шат генетик инженерчлэлийн тухай философи асуудал хөндсөн “Гаттака” киноны нэг хэсгээр хэлэлцүүлэг өрнүүлснээр эхэлж, эх сурвалжийн шинжилгээ,  мэтгэлцээн зэргээр үргэлжлэв.

Олимпиадад  МУИС, АШУҮИС,  ШУТИС, СЭЗИС, ХСИС, ҮБХИС, СУИС, ШИС, ХААИС, ШМТДС-ийн 10 баг оролцсоноос МУИС-ийн Teamnum баг I байр, СЭЗИС-ийн Самур баг II байр, ШУТИС-ийн Idea баг III байр, АШУҮИС-ийн Оюуны тэнхлэг баг IV байранд тус, тус шалгарав. Уран илтгэгчээр ХААИС-ийн Биофил багийн гишүүн Ц.Төгөлдөр, Мэргэн санаа дэвшүүлэгчээр СЭЗИС-ийн Самур багийн гишүүн Д.Анхболд нар шалгарав.

Эх сурвалж. АШУҮИС

ШИНЭ МЭДЭЭ