Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлнэ.