МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд Баянчандмань сумын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо
2018.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Н.Энхболд Баянчандмань сумын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтэнд оролцлоо. Энэ жил ерөнхий боловсролын 814 сургуульд 597.2 мянган сурагч суралцах бөгөөд үүнээс 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Баянчандмань сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургууль нь аймгийн тэргүүний бөгөөд энэ жил 800 сурагчтай хичээлийн жилээ эхлүүлж байна. Нэгдүгээр ангид 105 хүүхэд элсэн оржээ.

Багш сурагчид нь жил бүр аймаг, улсын урлаг спортын тэмцээн уралдаан, олимпиадуудад амжилттай оролцдог уламжлалтай бөгөөд энэ жилд төгсөгчдийнхөө элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор аймагтаа тэргүүлсэн байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргоос сонгогдсон гишүүний хувьд сургуулийн багш нарын амжилтыг үнэлж нэг ангийг иж бүрэн тохижуулж өгөхөөр болсноо мэдэгдлээ. Үүний дараа мөн сумын “Одод” цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо. Аймгийн хошой тэргүүний цэцэрлэг болсон энэ хамт олон энэ жил 200 хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Олон жил болсон цэцэрлэгийн байраа аймгийн удирдлага, эцэх эхчүүдийн тусламжтайгаар нөөц боломжоо ашиглан засварлаж хүүхдүүдээ хүлээн авч байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тойргоос сонгогдсон гишүүний хувьд гудас, цагаан хэрэглэл бүхий зөөлөн эдлэл хүлээлгэн өгч ирэх жил цэцэрлэгийн шинэ байртай болох боломж бүрдэж буйг дуулгасан юм. Цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдийн хувьд энэ хамгийн сайхан мэдээ байлаа. Эцэг эхчүүдийн төлөөлөл “Таныг манайхаас сонгогдсоноос хойш шинэ сургуультай боллоо. Удахгүй шинэ цэцэрлэгтэй болчихвол сайхан байна. Шинэ цэцэрлэгийн нээлтээр эргэн уулзана гэж найдаж байна” гэж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ