МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орно
2018.12.12

Төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орно

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.12.12) хуралдаан 10 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хуралдаанаар “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Төрийн албаны тухай шинэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах,  гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гэж заасан.

Дээрх байгууллагуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталснаас хойш 9 жил мөрдөж байгаа агаад энэ хугацаанд өөрчлөлт ороогүй байгаа. Тиймээс энэхүү ангилал, зэрэглэлд хамрагдсан төрийн зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөн тул ангилал, зэрэглэлд нэмж тусгах, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг хасах зайлшгүй шаардлага үүсэж байгаа аж. Энэ шаардлагын үүднээс “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг шинэ хуульд нийцүүлж өөрчлөлт оруулахаар энэ тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг харгалзан 6 байгууллагын одоо мөрдөж байгаа бүтцээс хасагдсан 11 албан тушаалыг ангилал, зэрэглэлээс хасах, шинэ хууль батлагдсантай холбогдуулан 10 байгуулагын 19 албан тушаалыг шинэчлэн боловсруулсан ангилал, зэрэглэлд нэмэх, ижил түвшинтэй чиг үүрэг гүйцэтгэдэг атлаа хоёр өөр ангилал, зэрэглэлд байгааг жигдлэх үүднээс 4 байгууллагын 7 албан тушаалын ангилал, зэрэглэлийг ахиулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.  

ШИНЭ МЭДЭЭ