“Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр (2018.12.12) Төрийн ордонд “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Ундармаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, “УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталж, хүүхдийн эрхийг баталгаажуулсан 49 дэх орон болсон. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд эцэг эхийн хайр халамжид өсөж бойжих, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх хуулийг парламентаас баталсан ч бидэнд шийдэх асуудал байсаар байна. Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харагдаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд өөр өөрсдийн хүрээнд ажиллаж байгаа ч эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, ухамсар, ёс зүйг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээс чухал санал санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Манай улсын нийт хүн амын 36,2 хувийг хүүхэд эзэлдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвд 160137 дуудлага иржээ. Үүнээс дийлэнх хувийг зөвлөгөө мэдээлэл хүссэн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлсэн байна. Судалгаанаас үзвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн төрсөн эцэг, эх 88 хувь, хойд эцэг, эх 10 хувь, үл таних этгээд 2 хувь байгаа. Иймд хүүхдийг аливаа хүчирхийллээс ангид байлгахад гэр бүлийн орчин хамгийн чухал байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир танилцууллаа.
Хүүхэд хамгааллын асуудал нь дан ганц салбарын яамны хариуцах ажил биш. Салбар дундын хамтын ажиллагааны үндсэн дээр шийдэгдэх болохыг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байсан. Тухайлбал, сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр донтох, цахим гэмт хэргийг хохирогч болох эрсдэл өссөн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2018 онд нийт 27,347 терабайтын дата ашиглаж байна. Нийт хүн амын 85 хувь нь идэвхтэй сошиал хэрэглээтэй байгаа бөгөөд хот, хөдөөгийн ялгаа төдийлөн байхгүй байгааг гаргасан байна. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг цахим хэрэглээний донтолтоос хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн “Цахим орчны зохистой хэрэглээ” илтгэлдээ дурдсан юм. Тус байгууллагаас 2013-2018 онд садар самууныг сурталчилсан агуулгатай мэдээлэл байршуулдаг 667 вебсайтын хандалтыг хязгаарлаж, холбогдох байгууллагуудын дүгнэлтийн дагуу 56 вебсайтын эрхийг сэргээжээ. Мөн гурван жилийн өмнөөс www.ekids.mn, www.happywebs.mn цахим хуудсыг ажиллуулж, цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах, цахим орчны зохистой хэрэглээг сурталчлах, нийгмийн сүлжээний эерэг сөрөг үр дагавруудын талаарх мэдээ мэдээллийг өгч эхэлжээ. Эцэг эхийн хараа хяналт хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чухал арга юм. Түүнчлэн цахим тоглоомын газруудад тавих хяналтыг сайжруулж, хяналтын системтэй болох шаардлагатай байгааг ч тэрбээр илтгэлдээ онцоллоо.
Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд 14-16 хүртэл насны хүн уг хуулийн тусгай ангид заасан 12 төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээр тусгасан байдаг. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хорих ялаар шийтгэгдэх өсвөр насны хүүхдийн тоо хоёр дахин багассан байна. 2018 онд 127 өсвөр насны хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс дийлэнх нь хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Өсвөр насны хоригдлын гэмт хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нөхцлийг судалж үзэхэд эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээр хязгаарлагдсан, хагас бүтэн өнчин, хойт эцэг эхийн дарамтад орсон, нийгмийн ядуурал, ажилгүйдэл зэрэг болох нь тогтоогдсон байна. Хорих ялаар шийтгүүлсэн ч өсвөр насны хоригдлыг ерөнхий боловсролын сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад хамруулдаг ч нийгэмшүүлэх, тэднийг эерэгээр хүлээж авах орчин нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ дутагдалтай байдгийг ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамир хэлсэн. 2018 оны байдлаар тус байгууллагын дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуульд 69 хүүхэд суралцсан байна. Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад ял эдэлж байсан өсвөр насны 6 хоригдол өгснөөс 4 нь улсын болон хувийн их дээд сургуульд 50-100 хувийг тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа аж.
Харин хүүхэд, өсвөр насныхны дунд хоол боловсруулах тогтолцоо, шээс бэлгийн тогтолцоо, арьс ба арьсан доорх эслэгийн өвчлөлүүд тэргүүлэх болжээ. 0-19 насны хүүхдүүдийн нас баралтад гэмтэл, хордлого, гадны шалтгаант эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилсон хэвээр байна. Эрүүл мэндийн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар 20 хүртэлх насны охидын үр хөндөлт нэмэгдэж, аймгуудын ихэнх нь улсын дундажаас дээгүүр, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар нэмэгдэх хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарчээ. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй, сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна. 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд А, Д аминдэмийн дутагдал, шүдний цоорол харанга дэлдэж байгаа бол 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихэссэн байна. Энэ насандаа хүүхдүүд ганцаардал, бухимдал, нойргүйдэлд өртөж, амиа хорлох тухай бодож төлөвлөх хандлагатай болж байгааг Дэлхийн сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоосон байна. Иймд ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйчдийг ажиллуулах, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах шаардлага үүсч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Хүүхдийг олдмол хөгжлийн бэрхшээлтэй болгож, нас баралтын тоог нэмэгдүүлж байгаа нэг хүчин зүйл нь зам тээврийн осол юм. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгт нийт 361481 хүүхэд байдгаас 59 хувь нь буюу 213996 нь бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцдог. Зам тээврийн осолд дийлэнхдээ 8-14 насныхан өртдөг бөгөөд 2016 онд 50, 2017 онд 56, 2018 оны эхний 10 сарын байдлаар 36 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барсан болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хүүхдийг аюулгүй орчинд байлгахад сургуулийн гадна орчны тохижилт хамгийн чухал бөгөөд 2017 онд 16 сургуулийн гадна талбайг 850 сая орчим төгрөгөөр засаж тохижуулсан байна. Түүнчлэн хүүхэд хохирсон гэмт хэргийн 68,3 хувь нь гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж, жилд дундажаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэргийн 62 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Улсын хэмжээнд 2000 гаруй хяналтын камер байдаг нь хангалтгүй бөгөөд хүүхэд төдийгүй иргэдийг гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалахад камержуулалт хамгийн чухал болохыг ЦЕГ-ын Урьдчилаг сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүүхэд хамгаалагч”, “Өсвөрийн сэргийлэгч” төслүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон үндэсний контентуудыг бэлтгэн хүүхдийг аливаа гэмт халдлагаас хамгаалах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн бөгөөд гол нь хуулийг хэрэгжүүлэхэд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг холбоог сайжруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр 2019 оны төсөвт тавигдсан 8 тэрбум төгрөгийг үр ашигтай хяналттай зарцуулахад анхаарч ажиллахыг шаардлагатай байгааг хэлж байлаа.
Ингээд хэлэлцүүгийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг хийж, эхнээсээ үр дүнгээ өгч байна. Үүний нэг жишээ нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг дахин байгуулсан. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг эхлүүлээд байна. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. 2017 онд 0-7 насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох явдал өссөн. Иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлгээс олон чухал санаа гарлаа. Бүгд нэгдсэн нэг ойлголттой болж, нэг зүг рүү харж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан саналуудыг тусгасан зөвлөмж гаргаж, ажил хариуцсан байгууллага бүрт хугацаатай үүрэг чиглэл өгч, Байнгын хорооны зүгээс шахаж ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн байгууллага бүрийг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон ажиллахыг уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.