"Л.Оюун-Эрдэнийг дэмжих хэрэгтэй" гэж бодож байгаа шалтгаанууд
2018.12.17
Улстөр

"Л.Оюун-Эрдэнийг дэмжих хэрэгтэй" гэж бодож байгаа шалтгаанууд

Сүүлийн үед Монголын нийгэм болоод улстѳрийн амьдралд болж буй үйл явдал, “Цензургүй яриа”, “Ам нээвэл”, “Мѳнхтѳрийн цаг” гэх мэт мэдээллийн сүлжээгээр яригдаж буй баримтуудыг анхааралтай үзэн харьцуулснаар надад ийм ойлголт тѳрж, ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэж байна.

 
Нэг. МОНГОЛЫН НИЙГМИЙН АНЗААРАГДАХ ГАДААД БАЙДАЛ 
  • -Хот тѳлѳвлѳлтийн бодлого алдагдаж, газар олголт ямар ч эмх замбараагүй болсноос үүдэлтэй ачааллаа даахаа больсон автозамын ТҮГЖРЭЛ
  • -Уул уурхайн үйлдвэрлэл хэт давамгайлж хѳдѳѳгийн хѳгжлийн бодлого байхгүй болсноос үүдэлтэй ачааллаа даахаа больсон гэр хорооллын УТАА
  • -Газрын доорх болон нийгмийн баялгийг цѳѳхѳн хүмүүс хууль бус аргаар завшин баяжиж, бусдадаа боломж олгохгүй байгаагаас үүдэлтэй ЯДУУРАЛ
  • - Нийгмийн хамгаалал үйлчилгээний стандарт байхгүйгээс ажилгүйдэл ихэсч,  ажил олох, бизнесээ хѳгжүүлэх гэж хүнд сурталтнуудад ѳгч буй АВИЛГАЛ
  • -Зѳвхѳн цаасан дээр байдаг атлаа амьдралд хэрэгждэггүй хуулийн балгаар шударга ёсны хэмжүүр үгүй болж, хэн ч хариуцлага хүлээдэггүйн БУХИМДАЛ
  • -Ѳѳрийнхѳѳрѳѳ амгалан тайван ажиллах амьдрах боломжийг үгүй болгон, ѳѳртѳѳ итгэх итгэлийг нь ч хугалж буй тэгш бус тогтолцооны эсрэг ХОРСОЛ
  • -Мэдээллийн тэнцвэр алдагдаж зѳвхѳн хар бараан мэдээлэл голчилсоноор нийгэмд үүсгэж буй талцал, бие биедээ итгэхээ больсоны илрэл ҮЗЭН ЯДАЛТ
Хоёр. МОНГОЛЫН УЛСТѲРИЙН ДОТООД БАЙДЛЫН ТѲСѲѲЛѲЛ
  • -Сүүлийн 28 жил Монголын Тѳрийн эрх мэдлийг ээлжилж барьж байсан  намуудын удирдлагууд жижиг эрх ашгийн тѳлѳѳ нэгдэж байгуулсан МАНАН
  • -Нийт ард олны ѳмч байхаар хуульчлагдсан газрын доорхи баялгуудаас илүү их хувь хүртэж зѳвхѳн ѳѳрсдѳѳ баяжихыг хүссэн хэсэг ултѳрчдийн БҮЛЭГЛЭЛ
  • -Мэдээлэл хурдан авах боломжоо шийдвэр гаргах боломжуудтайгаа хослуулан ѳѳр хоорондоо хуйвалдан нийгмийн баялгийг хувааж завших ШУНАЛ
  • -Их хэмжээний авилгал намдаа ѳгч эрх мэдэлд хүрсэн улстѳрчид, шийдвэр гаргах эрх мэдлээ их хэмжээний авилгалаар арилждаг БИЗНЕСИЙН УЛСТѲР
  • -Хууль зѳрчиж хууль бус аргаар баяжиж байгаа бүх улстѳрчид хэн хэнийхээ фактыг мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг дүр эсгэсэн ХУЙВАЛДААН
  • -Улстѳрч бизнесмэнүүд, ашиг завшаан хайгчид ѳѳрсдийн бүлэглэлийн эрх ашигтаа нийцүүлэн хууль баталдгаас үүдэлтэй ХУУЛИЙН ДАРАНГУЙЛАЛ
  • -Ѳчүүхэн шуналдаа хѳтлѳгдѳн Монгол орны хѳгжил, монгол хүний үнэлэмжинд саад болж байгаа хэрнээ хэн ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ТѲР
Гурав. ЯАГААД М. ЭНХБОЛД ОГЦРОХ ЁСТОЙ ВЭ? 

Ард олныг бухимдуулж ядраагаад байгаа Монголын нийгмийн ѳнѳѳгийн байдал гэнэт бий болоогүй бѳгѳѳд Монголын Тѳрийн эрхийг ээлжлэн барьж байгаа  намуудын удирдлагуудын бий болгосон буруу тогтолцооны уршиг мѳн.

Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үеэс суурь нь тавигдсан авилгал хээл хахууль, улстѳрийн шантаажны хариуцлага хүлээдэггүй энэ тогтолцоо Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед нам харгалзахгүйгээр бүлэглэлийн эрх ашгийн хэмжээнд тѳгѳлдѳржин хѳгжив. Тэд улстѳрд үе залгамжилсан ХААНТ тогтолцоог бий болгоцгоож, ѳѳрсдийгѳѳ дархалж үлдэхийг хүсэцгээж байна. Ѳнѳѳгийн нийгэмд шуугиан тариад байгаа:
  1. “60 тэрбум”-ын хэрэг
  2. “ЖДҮ”- ийн хэрэг
  3. Эрдэнэтийн 49% тай хамааралтай хэрэг
  4. “Стандарт” Банкны зээлийн хэрэг
  5.  “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт
  6. “Үнэ тогтворжуулах хѳтѳлбѳр”-тэй хамаатай хэрэг
  7. Банкнуудын дампууралтай холбоотой хэрэг
  8. “Оюу толгойн” “Таван толгой”-н гэрээтэй холбоотой асуудал
  9. Тѳмѳр замын байгууламжтай холбоотой асуудал
гэх мэт олон асуудлуудад М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын нэр болон тэдэнд хамааралтай улстѳрчид холбогддог. Ц.Элбэгдорж Ерѳнхийлэгчээр, М.Энхболд УИХ ын даргаар ажиллаж байхдаа томилсон:
  •  -“Үндсэн Хуулийн Цэц”
  • -“Авилгалтай Тэмцэх Газар”
  • -Ерѳнхий Прокурор
  • -Дээд Шүүх
зэрэг хууль хэрэгжүүлэх болон гүйцэтгэх байгууллагуудын удирдлагууд тэдний “захиалга”-aар ажиллан нийгэм дэх ШУДАРГА ЁС ыг гажуудуулж байна хэмээн хардаж байгаа. Тэднийг ѳѳрчлѳхгүйгээр хариуцлагын шударга тогтолцоо бий болохгүй, бид айдас болгоомжлолд автсаар байх болно.
Хэрвээ М.Энхболдыг огцруулан шударга зарчмын эхлэлийг тавьж чадвал, олон улстѳрчдийн талаарх “хардлага” ил тод болох учиртай. М.Энхболдын бүрдүүлсэн хуулийн дарангуйлалын тогтолцоог нурааж байж Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нартай холбон хардаж байгаа олон асуудлууд ч ил тод болж хүлээх шаардлагатай хариуцлагаа хүлээцгээх болноо. Юу юунаас илүү Монголын улстѳрийн гажуудсан тогтолцоог нурааж бид ѳѳрсдѳѳ хүсээд байгаа  “шударга ёс”- ыг тогтоох эхлэл болон боломж нь энэ байх болно. Бид М.Энхболд гэдэг хувь хүнтэй бус, энэ хүний оролцоотойгоор бий болсон гажуудсан тогтолцооны эсрэг тэмцэх ёстой болж байна. Эс тэгвэл бид цаг үргэлж үр дүнгүй гоншигоносоор л байх болно доо. Эцэстээ цѳхѳрвѳл яана.
Дѳрѳв. ЯАГААД Л.ОЮУН -ЭРДЭНИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Энэ асуудлыг анх хѳндѳж тавьж үүнийхээ тѳлѳѳ цѳхрѳлтгүй тэмцээд байгаа Л.Оюун-Эрдэнэ бол “Ардын баатар” биш. “Харвард”-ад улстѳрийн чиглэлээр суралцаж, дэлхийн хэмжээний улстѳрийн тогтолцоог судалж ухаарсан түүнтэй би олон удаа уулзаж ярилцан нѳхѳрлѳж байсан болохоор багагүй мэднэ, бас түүнд итгэдэг.

Бага залуугаасаа улстѳрд орж НАМЗХ байгууллагыг удирдан сайн муутай нь хутгалдаж байсан түүнийг “тѳгс тѳгѳлдѳр”, “цэвэр ариун” хүн гэж хоосон магтахгүй ээ. Бусадтай л адил алдаа, оноотой байсан тэрээр энэ системийн гажуудлыг олж мэдрэн “ѳѳрчлѳх хэрэгтэй” гэсэн итгэл үнэмшилдээ хѳтлѳгдѳн яваа нь үнэн. Ерѳнхийлэгчийн сонгуульд дэмжиж байсан М.Энхболдынхоо эсрэг тэмцэж байгаа нь, хувь хүнтэй нь бус түүний оролцоотой бий болсон улстѳрийн системийн гажуудлын эсрэг тэмцэж байгаа нь ч үнэн.  Ирээдүйгээ ѳѳдрѳгѳѳр харж байгаа залуу хүний хувьд энэ ирээдүй нь Монголын улстѳрийн эрүүл саруул тогтолцоотой холбогдож байж л бодит биелэл болно хэмээн ухаарч байгаа олон залуусын нэг нь. Монголын улстѳрийн гажуудсан системийн эсрэг “хэн нэгэн хүн ѳѳрийн ажил амьдралын эрсдэлээ үүрэн манлайлж тэмцээд эхлээсэй” гэж хүсч байсан монголчууд бид одоо л энэ залууг дэмжих цаг нь болж байна.
-М.Энхболдыг огцруулснаар “бүх зүйл сайхан болж чадахгүй нь” үнэн ч, ядаж л хариуцлагын шударга тогтолцооны эхлэл тавигдана гэж би итгэж байна.
-Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын нэгдэж бий болгосон тогтолцооноос ч аюултай Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нэгдэл бий болох байх хэмээн болгоомжлоод байгаа хардлагыг, шинэ тогтолцоо гаргуулахгүй байхын тѳлѳѳ бид нэгдэх хэрэгтэй болж байна. 
-Энэ бол хувь хүмүүс хоорондын “ѳс хонзон авалт” бус бѳгѳѳд, нийгэмд шударга тогтолцоо бий болсноор монгол хүн бүр ѳѳрийн эх орондоо айдас түгшүүргүй, сэтгэл амар амгалан ажиллаж амьдрах бололцооныхоо тѳлѳѳ бид нэгдэн тэмцэх хэрэгтэй болж байна.
-Ѳѳрсдѳѳсѳѳ илүү үр хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовинож байгаа монголчууд бид, тэдэндээ эрүүл саруул, айдас дарамтгүй нийгмийг бий болгон үлдээхийн тѳлѳѳ одоо нэгдэн дэмжих хэрэгтэй болж байна.
Ганц хүн хэдий мундаг байлаа ч нийгмийн ѳѳрчлѳлтѳд юу ч хийж чадахгүй. Л.Оюун Эрдэнийг дэмжин нэгдэж байгаа залуус, улстѳрчид болон иргэдэд би лав талархаж байна. Би бас түүнийг чин сэтгэлээсээ дэмжиж байгаа.
Тав. БИД ТУЙЛШРАМТГАЙ, УЯРАМТГАЙ, УРВАМТГАЙ

Монголчууд бид алив нэгэн мэдээлэл болгоны дараа сэтгэлгээ нь савлаж байдаг. Амьдралд нь муугаар нѳлѳѳлж буй улстѳрийн систем нь “гажуудсан” гэдгийг бүгд хүлээн зѳвшѳѳрѳх атлаа, буруутангууд нь жаахан тайлбарлан учирлах тѳдийд ѳрѳвдѳн уярч эхэлнэ.

Тэгснээ тэмцлийг эхлүүлсэн нѳгѳѳ хүнээ буруутган хардаж эхэлдэг. Бидний юунд ч үл итгэн, юм болгоныг хардаж байдаг сэтгэлгээний цѳхрѳлийг бий болгосон нѳхдүүд энэ сул талыг маш сайн мэддэг тѳдийгүй үүн дээр л тоглолтоо хийдэг нь үнэн. Би 2 ч сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжиж байсан нь, “шударга ёс”- ыг тогтоох тухай түүний амлалтад итгэсэн хэрэг. 8 жилийн дараа тэрээр сайхан ярьсаар атал бидний тѳсѳѳлж байсан “шударга ёс” Mонголд тогтсон бил үү? Сайхан ярих, хийж бүтээхийн хооронд ямар их зѳрүү байдгийг би лав амьдралаараа мэднэ. Амаргүй хэдий ч чин сэтгэл байваас түүнийг хийж болдгийг ч мэднэ.
Аливаа нэгэн асуудалтай холбоотой мэдээллүүдийг хооронд нь харьцуулан ѳѳрсдийн дүгнэлтээ гаргах боломж хүн болгонд бий. Заавал хүн болгонд таалагдах албагүй ч, ийм тѳсѳѳлѳл нь хувь хүний итгэл үнэмшил болон тѳлѳвшиж байдаг. Олон олон зѳв тѳсѳѳлѳл, итгэл үнэмшил нь нийгмийг ѳѳрчлѳхѳд сайнаар нѳлѳѳлдѳг. Олон олон хүмүүс Л.Оюун -Эрдэнэ болон түүний нѳхдийг дэмжээсэй хэмээн хүсч байна. Бас тэднийг зорьсон зорилгоосоо ухарч бүү няцаасай хэмээн хүсч байна. Тэдний хичээж бүтээсэн ѳѳрчлѳлт нь Монгол орны хѳгжлийг ѳѳрчилж, монгол хүний нэр хүнд үнэ цэнийг дэлхийн хэмжээнд үнэлүүлээсэй гэж хүсч байна. Хэрвээ бид энэ хэвээрээ үргэлжлээд байх аваас автозамын түгжрэл ч, хотын хорт утаа ч арилахгүй хэвээрээ байсаар байх болно.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

ШИНЭ МЭДЭЭ