Д.Сумьяабазар: Газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүний дундаж өртөг 850 төгрөг байхаар төлөвлөсөн
2018.12.21
Уул уурхай, Ашигт малтмал

Д.Сумьяабазар: Газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүний дундаж өртөг 850 төгрөг байхаар төлөвлөсөн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-наас өнөөдөр хийсэн ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр сайд Д.Сумьяабазартай уулзаж, салбарын бүтээн байгуулалтын зарим асуудлыг тодруулав.
 
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэрхэн эхэлж, ямар явцтай байна вэ. Ирж буй онд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
 
-Үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г өнгөрөгч 11 дүгээр 15-16-нд манай яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлсэн. УУХҮЯ болон Энэтхэг улсын “Эксим” банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажил эхлээд явж байна. 
Ирэх онд төслийн менежментийн зөвлөх компанитай хамтран үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүдийн лиценз эзэмшигчдийг сонгох, үйлдвэрийн суурь инженерчлэл, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгуулах зэрэг ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийн ажлыг  энэ сарын 6-нд эхэлсэн. 
 
Монгол-Энэтхэгийн Засгийн газар хооронд өнгөрсөн 2017 оны 11 дүгээр сард хийсэн уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг Засгийн газраас шуурхай зохион байгуулан арга хэмжээ авч эхлүүлсэн. Үүний үр дүнд энэ оны 6 дугаар сарын 22-нд эхэлсэн үйлдвэрийн гаднах дэд бүтцийн төслийн ажил амжилттай хэрэгжиж мөн энэ оны 12 дугаар сарын 6-нд төмөр замын дэд бүтцийн ажил эхэлсэн. Өнөөгийн байдлаар нийт дэд бүтцийн ажил болон төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугмын ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нэг ёсондоо энэ оны төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Ирэх оны  3 дугаар сараас дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлж, 3 дугаар улиралд багтаан 100 хувийн гүйцэтгэлээр дуусгах зорилт тавин ажиллаж байна.
 
-Газрын тос боловсруулах үндэсний үйлдвэрт ер нь ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?
 
-Шингэрүүлсэн шатдаг хий, Аи-95 бензин, онгоцны түлш, дизель түлш, зуухны түлш тус тус үйлдвэрлэн гаргана. Үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний дундаж өртөг буюу нэг литр бүтээгдэхүүний дундаж өртөг 0.348 ам.доллар буюу 850 орчим төгрөг болохоор тооцож байгаа. Зах зээлд зарагдаж борлуулах нэгж бүтээгдэхүүний үнийг тухайн үед Засгийн газраас баримтлах бодлогын дагуу шийдвэрлэнэ.
 
-Манайд олон жил ярьж ирсэн зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийн талаар тодруулна уу?
 
-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх зориулалтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг боловсруулж энэ сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот “Чиглэл өгөх тухай” тогтоолоор өгсөн алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлийн дагуу үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах Техникийн даалгаврыг боловсруулан, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна гэв.

ШИНЭ МЭДЭЭ