Ном уншдаг хүүхэд ирээдүйд 2.5 дахин өндөр цалин авна
2018.12.21

Ном уншдаг хүүхэд ирээдүйд 2.5 дахин өндөр цалин авна

Хүүхдээ өдөр бүр 10-20 минут ном уншуулах хэрэгтэй. Хүний тархинд нийт 1.4 тэрбум орчим эс үүрэг гүйцэтгэдэг. Үүний 80 хувь нь гурван нас хүрэхэд хэдийн бүрэлдэн тогтсон байдаг аж.

'Хүүхэд төрөөд зургаан сар болоход л тархины хөгжлийнх нь 50 хувь бүрэлддэг гэхээр асар хурдацтай хөгждөгийг илтгэнэ. Чухам энэ үед хүүхдийг ямар хүн болгоход анхаарах ёстойг Японы эрдэмтэн Масару Ибукагийн “3 нас хүрэхэд оройтно” номд өгүүлсэн байдаг.

НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд “Уншлагыг дэмжих хөтөлбөр” боловсруулж, хүүхдийг номонд дуртай болгох ажлуудыг хийж эхэллээ.

Юуны өмнө эрдэмтдийн судалгаанд үндэслэн хүүхдийн нас насанд нь тохирсон ямар ном унших ёстойг тодорхойлжээ. 0-24 сартайд өнцөг мохоо, 10-аас доош хуудастай, өдөр тутмын амьдралын сэдэв бүхий, тоглоомын хэлбэрт оруулсан, дардаг, түлхдэг, дуугардаг, хүний биед харшлахгүй өнгө будагтай ном байх ёстой гэнэ.

Харин 2-5 настай хүүхдэд зориулсан ном нь ярианы ур чадварыг дэмжсэн богино үлгэр, шүлэг бүхий зурагт хуудастай танин мэдэхүйн зорилготой бөгөөд эрэгтэй эмэгтэйг харгалзан үзсэн байх шаардлагатайг онцолжээ.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нас онцлогт тохирсон номыг сонгож чаддаггүй нь хүүхдийг номтой ойртуулахад бэрхшээл болдог. Тиймээс 2-16 насандаа хэний, ямар зохиол уншсан байхыг зөвлөсөн жагсаалт гаргажээ.

НОМ УНШИХЫГ ШҮД УГААХТАЙ АДИЛ ДАДАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ

Ном уншдаг хүүхэдтэй болохын тулд төрсөн цагаас нь эхэлж сургах хэрэгтэй. Хүүхдийн гурван нас хүртэлх хөгжлийн явцад тархинд нь “ном” гэсэн бүлэг тогтолцоо үүсгэснээр уншдаг хүнийг төлөвшүүлж чаддаг.

Иймээс 2019 оноос нийслэлийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан гэр бүл, эцэг эхчүүдэд хүүхдийн оюун ухааны хөгжлийг төрсөн цагаас нь эхлэн дэмжих ажлын суурийг тавьж, танин мэдэхүйн материал, зөвлөгөөг багц номтой нь өгч, сургалт зохион байгуулдаг болгохоор төлөвлөж байна. “Хүүхдийг ухаан орсон цагаас нь тоглоом тоглодог шигээ номтой нөхөрлөдөг болгохын тулд сургуулийн өмнөх наснаас нь эхлэн анхаарч ажиллаж байгаагаараа онцлог юм. Хүүхдийг шүдээ угаадаг шиг нь ном унших дадал зуршилтай болгох боломжтой” гэж НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, “Уншлагыг дэмжих хөтөлбөр”ийн санаачлагч Д.Мөнхжаргал ярилаа.

0-5 настайд хүүхдэдээ ном уншиж, харилцан ярьж өгснөөр үгийн баялгийг дөрөв дахин нэмэгдүүлж, тархины хөгжлийг 90 хувьд хүргэдэг. Түүнчлэн хүүхэдтэйгээ ном уншиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг гэр бүлд өссөн дөрвөн настай хүүхдийн ярианы баялаг 1100 орчим үгтэй байдаг бол, хүүхдэдээ цаг зарцуулдаггүй айлын хүүхэд 500-аас доош үгийн хүрээнд эргэлддэг байна. Энэ нь цаашлаад сургуульд хэрхэн суралцах, аливааг ойлгож хүлээж авах чадварын суурь болж өгдөг. Хүүхдэд өдөр бүр 10-20 минут ном уншиж өгөхөд IQ-г нь зургаан оноогоор өсгөж, сурах чадварыг нь 3-4 дахин нэмэгдүүлдэг байна.

Мөн тархины хөгжлийг нь ном уншдаггүй хүүхдийнхээс нэг жилээр ахиулж, ирээдүйд 2.5 дахин өндөр цалин авах магадлалыг бий болгоно гэж судалгаанд дурджээ. Улмаар өдөр бүр ном унших дадал суулгаснаар ухаалаг утас, компьютер, телевизийн хамааралд орж, донтох эмгэг тусдаггүй байна. Хөтөлбөрийн багийнхны дэвшүүлж, хэвшүүлэх гэсэн гол ажил бол ердөө л “өдөр бүр 10-20 минут уншуулах” явдал. Үүнийг сургачихвал бусад эерэг өөрчлөлт аяндаа гарна гэж үзэж байна. Хүүхдэд өдөр бүр ном уншиж өгөхөд IQ-г нь зургаан оноогоор өсгөнө.

Шинэ төрсөн хүүхдийн анхны номыг өрхийн эмнэлэг гардуулна. Ажлаас ирээд утсаа ухаж, эсвэл удирдлага бариад хэвтчихдэг хэрнээ хүүхдээ “ном унш” гэж хичнээн шаардаад амжилтад хүрэхгүй байх нь.

ТАНЫ ХҮҮХДЭД ХЭДИЙН ГУРВАН НАС ХҮРСЭН БОЛ ЯАХ ВЭ

Тархины хөгжлийн явцад “ном” гэх дохиог суулгаж чадсангүй гээд зөнгөөр нь орхичихож болохгүй юм байна.

Номтой орчинд хүүхдээ уншдаг хүн болгодгийг еврейчүүд зөвлөдөг. Гэхдээ хамгийн чухал нь эцэг, эхчүүд өөрсдөө үлгэрлэн уншдаг байх хэрэгтэй. Ажлаас ирээд утсаа ухаж, эсвэл удирдлага бариад хэвтчихдэг хэрнээ хүүхдээ “ном унш” гэж хичнээн шаардаад амжилтад хүрэхгүй байх нь. Уншлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өсвөр болон дунд насны хүүхдүүдийг номонд дурлуулахад чиглэж эцэг эхийн, залуусын, байгууллагын, бичил гэх мэтээр олон номын сан байгуулахаар ажиллаж байна. Хэдийгээр унших номын жагсаалт гаргасан ч орчин үеийн хүүхдийн онцлогт тохирсон, цаг үетэйгээ нийцсэн шинэ зохиол шаардлагатайг хөтөлбөрийн багийнхан анхаарч, зохиолчдод сэдэв, агуулгыг захиалан бичүүлж эхэлжээ.

ШИНЭ МЭДЭЭ