Засгийн газраас 2 хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
- Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 387,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 188, орон нутагт 646,7 тэрбум төгрөгийн 585 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр зохион байгуулж, төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр энд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
- Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хууль хэрэгжүүлэх үед тулгамдаж байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, хуулиудын зөрчил, хийдлийг арилгах, орхигдуулсан зарим зохицуулалтыг бий болгохоор төслийг боловсруулжээ.
- Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага”-ыг баталлаа. Улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын 19, эд хөрөнгийн 29, хуулийн этгээдийн 10, архивын 28, нийт 86 төрлийн бүртгэлийн үйлчилгээг 42 төрлийн программ хангамж, систем ашиглан үзүүлж байна.
- “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-ийг батлав. Манай улс Бүгд Найрамдах Турк Улс, ОХУ, Бүгд Найрамдах Австри Улс, БНХАУ, Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Украйн Улстай Боловсролын баримт бичиг харилцан зөвшөөрөх тухай гэрээ, хэлэлцээр байгуулаад байна. Энэ онд Засгийн газар хоорондын хэлэлцээр, Боловсролын зээлийн сангийн зээлээр манай 1332 оюутан гадаадын их, дээд сургуульд элсчээ.
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат багш Шаравын Бадамын гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардалд зориулж таван сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов