МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тавантолгойг түшиглэж ЦАХИЛГААН СТАНЦ байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа
2018.12.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгойг түшиглэж ЦАХИЛГААН СТАНЦ байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах, холбогдох төсөл хөтөлбөрүүдийг дэмжих шийдвэр гаргажээ.

Өөрөөр хэлбэл Оюутолгой компани Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг ирэх оноос эхлэн авах болсон байна.

Түүнээс гадна Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 300 Мвт-ын цахилгаан станцын төслийг Тавантолгойн ордод тулгуурлан барьж байгуулах асуудлыг дэмжсэн юм. Засгийн газрын тооцооллоор 2020 он гуравдугаар сард цахилгаан станцын ажил эхэлж, 2023 оны зургадугаар сард бүрэн ашиглалтад орох юм байна.

“Одоогоор зөвхөн гэрээ байгуулахыг дэмжсэн шийдвэр гарсан. Үүний дараа тодорхой хэлцэл хийнэ, байгаль орчин болон усны үнэлгээ хийнэ. Хөрөнгө оруулагчидтай санхүүжилтийн гэрээ байгуулна. Үүний эхлэл болгож ирэх оноос эхлэн Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангахаар болж байгаа юм” гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьсан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Өмнийн говийн эрчим хүчний хангамжийн тухай” гэх хэсгийг өмнөх Засгийн газар түдгэлзүүлснээс болоод Оюутолгой компани эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах асуудал гацаанд ороод байсан юм. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны нэгдүгээр сард уг шийдвэрийг хүчингүй болгож ажлыг хэвийн үргэлжлүүлэх болжээ.

Оюутолгой компани БНХАУ-аас 110 гаруй Мвт-ын эрчим хүчийг импортолдог бөгөөд мөнгөн дүнгээр хэмжвэл  200 гаруй сая ам.долларыг зарцуулдаг аж. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 20 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Монгол Улс 2023 оны зургаадугаар сард Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хангах нөхцөл бүрдвэл 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэх ажээ. Ирэх оноос Оюутолгой дотоодын эрчим хүчээс 20мвт-г авч эхлэхээр болжээ. 

ШИНЭ МЭДЭЭ