2018.12.27
Улстөр
2018: Улс төрийн хариуцлагын жишиг тогтоож, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэн он боллоо
"Монголын үнэн" сонин, Сэтгүүлч М.Энхцэцэг
Улиран одож буй онд Монголын улс төр өрнүүн байлаа. Энэ онд улс төрийн хурээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. МАН-ЫН III БАГА ХУРАЛ БОЛОВ
Улс төрийн хүрээний 2018 оны онцлох үйл явдлаар Монгол Ардын Намын III Бага хурлыг нэрлэж байна. МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болж, дөрвөн асуудал хэлэлцсэн. Тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх нийгэм, эдййн засаг болон улс төрийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийсэн. Түүнчлэн намын XXVIII Их хурлаар байгуулсан Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/-ноос тавьсан илтгэлийг сонсч, намын дүрэмд өөрчлөлт оруулах, төслийг танилцуулан, Бага хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж батлуулсан юм. Зохион байгуулалтын асуудлын хүрээнд Бага хурлын гишүүнээр 12 хүнийг нөхөн сонгов. Мөн намын даргын зүгээс МАН-ын Удирдах зөвлөлөөс бүлгийн дарга асан Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга асан С.Батболд нарыг чөлөөлж, оронд нь УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг 100 хувийн саналаар сонголоо.
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАРЫГ СОНГОЛОО
Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал өнгөрсөн есдүгээр сард болж удирдлагаа сонголоо. Бага хурлын 333 төлөөлөгчийн дунд санал хураалт явуулахад 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт санал өгснөөр тэрбээр нийслэлийн МАН-ын хороог тэргүүлэхээр болов. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай ажиллахаар болсон. Тодруулбал, нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, харин орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарыг сонгосон. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга асан С.Батболд, НАМЗХ, НАМЭХ, Ахмадын холбооны дарга, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилов.
МОНГОЛ УЛС ӨРИЙН ДАРАМТААС ГАРЛАА
Монгол Улсын Засгийн газар 2019 оныг бондын өр, төлбөрөө барагдуулсан таатай мэдээллээр угтаж байна. “Дим сам" болон “Чингис” бондын өр, БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өрийг бүрэн барагдуулсан юм. Монгол Улсын Засгийн газар энэ онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай. Үүнээс өнгөрсөн зургаадугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Энэ нь дээрх нийт өрийн 20 хувь нь юм. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв, санхүүгийн үр ашигтай, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон. Ийнхүү өнгөрсөн оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурсан. Мөн 500 сая ам.долларын “Чингис” болон “Дим Сам” бондын төлбөрийг бүрэн барагдуулав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын БНХАУ-ын “Чалко” компанид өгөх өрийн бүрэн барагдуулсан. Ингэснээр Баруун болон Зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого улсын төсөвт орж эхэлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011 оны долоодугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг авсан билээ. Үүний ддгуу өнгөрсөн хугацаанд зүүн цанхиас олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь олборлогч “ТТJVCO” компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байсан юм.
ШАТАХУУНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЖ, ҮНИЙГ БУУРУУЛАВ
Засгийн газраас энэ жил шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж, үнийг нь бууруулсан нь онцлох үйл явдал болсон. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэв. Түүнчлэн Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж, тохиролцсоны дүнд он гарсаар зургаан удаа нэмэгдэж АИ-921985 төгрөгт хүрээд байсан шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буурууллаа. Цаашид шатахууны үнийг үе шаттайгаар бууруулна гэж салбар яамнаас мэдэгдсэн. Учир нь, сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсаар байгаа юм.
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавьсныг онцгой үйл явдлын нэг байлаа. Энэхүү Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд барьж, байгуулж байгаа билээ. Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад оруулснаас хойш эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой аж. Эхний тогтоосон түүхий эдийн нөөц 40 жил. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд бүрэн ашиглалтад оруулах юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголчуудын хувьд олон жил хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл биеллээ олж, үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлииг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болсон" гэсэн юм. Стратегийн ач холбогдол бүхий энэ үйлдвэрийг байгуулснаар манай улс эрчим хүчний нэг гол эх үүсвэрийн импортын хамаарлаас гарч, түлш шатахуун болон бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжихоос гадна аж үйлдвэрийн нэгэн шинэ салбар, эдийн засагт нэгэн тулгуур нэмэгдэж, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой.
САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЖИШИГ ТОГТООВ
Төрийн албаны сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэхээ тунхаглан гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулснаас хойш жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэрбээр сахилга хариуцлагыг өөрийн танхимаас эхлүүлж, 15 сайдынхаа дөрөвт нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Үүний дагуу Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. Цаашилбал, хотын дарга С.Батболд, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Батсайхан, Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нар ч албан тушаалаа хүлээлгэн өгөөд байгаа. Төрийн албаны удирдах түвшний эдгээр хүн ажлаа хүлээлгэн өгсөн нь улс төрд яалт ч үгүй шинэ жишгийг бий болгосон гэж болно.
ЕРӨНХИЙЛӨГЧ УЛСЫН ТӨСӨВТ БҮХЭЛД НЬ АНХ УДАА ХОРИГ ТАВИВ
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүнээр томилогдсоныхоо дараа ердөө хагас жил хүрэхгүй хугацаанд гурван удаа хориг тавьсан байдаг. Тэгвэл энэ он гарсаар Монгол Улсын 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь онцлох үйл явдлын нэг болж байна. Тодруулбал, тэрбээр эцэслэн батлаад байсан 2019 оны төсвийн тухай хуульд өнгөрсөн сарын 15-нд бүхэлд нь хориг тавьсан. Хуулийн хугацаандаа Байнгын хороогоор хэлэлцсэний дараа чуулганы нэгдрэн хуралдаанаар хэлэлцүүлэх үеар Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь өөрчлөгдсөн нь төрийн ажлыг багагүй гацаасан юм. Өөрөөр хэлбэл, бүхэлд нь тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжихгүй гэх шийдвэр гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Шинэ нөхцөл байдал үүссэн” гэх тайлбартайгаар төсөвт бүхэлд нь тавьсан хоригоо Ерөнхийлөгч хэсэгчлэхээр болсон гэж тайлбарласан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ нь төрийн тэргүүнийг шийдэмгий бус хариуцлагагүй харагдуулсныг тэмдэглэхгүй өнгөрч боломгүй. Гэсэн ч УИХ Монгол Улсын 2019 оны төсвөө баталсан юм.
АН БҮЛЭГГҮЙ БОЛЖ, ЛИДЕРҮҮДЭЭ НАМААСАА ХӨӨВ
АН гишүүддээ халгаатай жилийг үдэж байна. Энэ онд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тушаалаар С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хаслаа. Учир нь, С.Баярцогт Швейцарын банкинд “Рио-Тинто”-гоос дамжуулан 10 сая ам.долларын гүйлгээ хийсэн гэсэн дуулианд холбогдсон учраас С.Эрдэнэ дарга дээрх шийдвэрийг гаргасан юм. Үүний дараа Баянзүрх дүүргийн дарга Д.Пүрэвдаваа нарын хэд хэдэн намаасаа хөөх шийдвэр гаргасан. Тэгвэл хамгийн сүүлд Баянзүрх дүүргээс сонгогдож УИХ-д суусан Ж.Батзанданг намаасаа хөөлөө. Ж.Батзандангийн хувьд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих намаас өгсөн чиглэлийг дагаагүй учир ийнхүү хөөгдсөн юм. Энэхүү үйл явцтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн нь УИХ-д АН бүлэггүй болох эрсджлийг бий болгосон.
“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан Цалинтай ээж хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асран гэртээ суугаа эхэд сар бүр 50мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгохоор баталж, үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн одон, медаль гардуулав
2018.12.31
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2018.12.29
2018: Эдийн засгийн ОНЦЛОХ 10 үйл явдал
2018.12.27
Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна
2018.12.26
Япон улсад хийсэн айлчлалын дүн
2018.12.17