Л.Оюун-Эрдэнэ: Удах, зууралдах тусмаа зугтах гарц улам л багасна
2018.12.26
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: Удах, зууралдах тусмаа зугтах гарц улам л багасна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр сэтгүүлчдэд УИХ-ын дарга М.Энхболдын асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.

-Өлсгөлөн зарлана гэж байна. Нөхцөл байдал ийм хүндэрчихсэн хэрэг үү?

-Тэр хүртэл битгий хурцдаасай л гэж бодож байна. Нэг хүний албан тушаалаас болж парламент гацаж, улмаар УИХ тарах хэмжээнд яригдаж эхэллээ. Мөн Засгийн газар огцрохоо дөхөж, өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед зарим салбар сайдгүйгээр ажиллаж байна. Албан тушаалтанд буугаад өгчихдөг ард түмэн байж болохгүй. Бид эвлэрээд яваад байвал яваад л байна байх. Тиймээс бид албан тушаалтнуудад парламент дотроос ч гэсэн хариулт өгөх ёстой. Энэ бол дэлхийд байдаг л жишиг шүү дээ.

-Үнэхээр өлсгөлөн зарлах юм уу?

-Миний хувьд тэр тэмцэл рүү ороход бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байсан. Одоо ч бэлэн байна. Гэхдээ бид 40-үүлээ болчихсон. Зуных шиг ганцаараа биш учраас Л.Оюун-Эрдэнэ л шийдвэрээ гаргаад яваад байж болохгүй. 40-үүлээ зөвлөж ярих ёстой. Ахмад гишүүдийн хувьд “УИХ-ын гишүүн өөрөө ийм зүйлийг шууд хийх нь зохисгүй. Шат дараалсан хэлбэрээр явах нь зөв” гэж хэлж байгаа.

Одоо бид жагсаал зохион байгуулж байна. Огцрох хүртэл нь дөрөв дэх өдөр болгон жагсаалыг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоогоор 102 иргэний нийгмийн байгууллага нэгдэхээ илэрхийлсэн. Энэ удаагийн жагсаал урьдынх шиг аль нэг нам зохион байгуулж, намын 200-300 гишүүдээ авчраад зогсоохтой адил биш юм. Харин ард түмний бухимдлыг илэрхийлсэн том хөдөлгөөн болох болно. Үүнийг бид мэдэрч байгаатай адил УИХ-ын дарга, тэдний тойрон хүрээлэгчид мэдрээсэй гэж хүсч байна. Удах, зууралдах тусмаа зугтах гарц улам л багасна. Энэ бүхнийг ялгаж салгаж хараасай л гэж бодож байна.

-АН Ерөнхийлөгчтэй нийлээд УИХ-ын тараах тогтоолыг төслийг оруулах ирэх явдал руу зориудаар чирч, МАН-ын дарга, Ерөнхий сайд барьцаанд орчихлоо гэх мэдээлэл байна. Энэ тухайд?

-Ингэх нь, тэгэх нь гээд байвал Монголд юу ч өөрчлөгдөхгүй. Бид маш бодитой зүйл хийж байгаа. Зарим зүйлсийг манайхан тоохгүй байгаа юм. Бусад улсад энэ маш аймшигтай зүйл шүү дээ. Тодруулбал, 60 тэрбумын хэргийн дууг дүрсжүүлсэн болохоор эвлүүлэг юм аа гээд хаачихсан байсан. Гэтэл одоо “60 тэрбумын бичлэг үнэн, гэхдээ хэрэгжээгүй” гэж байна. Ийм зүйлтэй эвлэрээд явах уу гэдэг нь өөрөө асуудал шүү дээ.

-60 тэрбумын хэрэг дээр ноцтой баримт гарч ирсэн гэсэн яриа байна. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Тэр талаар мэдэхгүй байна. Бүх хуулийн байгууллагууд дууг дүрсжүүлсэн учраас эвлүүлэг гээд хаачихсан байсан. Одоо М.Энхболд дарга өөрөө үнэнээ хүлээж байгаа. Энэ бол том алхам. Тиймээс хууль хяналтын байгууллагууд хариуцлага хүлээх ёстой. Энэ жишээнээс харахад мянга мянган хэргүүд ингэж шийдэгдсэн гэсэн үг. Авлигын хэргүүд ч ингэж дарагдсан байхыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр агуулгын хувьд маш чухал зүйл хөндөгдөж байна. УИХ-ын дарга нэгэнт үнэнээ хүлээчихэж байгаа юм бол 60 тэрбумын хэрэг хэрэгжсэн ч бай, хэрэгжээгүй ч бай УИХ-ыг даргалах ямар ч ёс зүйн эрхгүй. Бид яагаад үүнийг гайхаад, өөр өнцгөөр тайлбарлах гээд, ингэнэ, тэгнэ гэж яриад байгаа юм. Ийм нийгэм байж болохгүй. Бид урагшаа хараад л бусдын жишгийг дагаад явах ёстой. Эвлэрээд яваад байж болохгүй. Үүнд эвлэрэх орон зай яаж байх юм бэ. Энэ бол тогтолцооны асуудал.

ШИНЭ МЭДЭЭ