Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх айл орон сууцанд орлоо
2018.12.28
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх айл орон сууцанд орлоо

Өчигдөр /2018.12.27/ Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗД-ын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын орчимд баригдсан, төсөл хэрэгжүүлэгч "Пример инвестмент"  ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК ашиглалтад оруулсан 120 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, газраа чөлөөлөн орон сууцанд орж байгаа иргэдэд байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг  баталсан. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14%, хүн амийн 9% хувийг эзэлж байна.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89.968 айлын 961 блок орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд эдгээр орон сууц бүрэн ашиглалтад орсон тохиолдолд гэр хорооллын 41.5 хувь нь орон сууцанд орох боломжтой болох юм.

Гэр хорооллын дахин төлөвлөх, барилгажуулах төслийн хүрээнд 1.712 нэгж талбайн газрыг чөлөөлж, 7.227 айлыг орон сууцанд оруулж, 5001 айлын янданг буулгаж, агаарын бохирдлыг үүсгэх эх үүсвэрийг мөн хэмжээгээр бууруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллын газраа чөлөөлөн орон сууцанд орж байгаа иргэдэд байрны түлхүүрийг гардуулахдаа хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг бол агаар орчин, хөрсний бохирдлын асуудал юм. Үүнийг шийдвэрлэх гол гарц төдийгүй, хамгийн оновчтой шийдэл бол иргэд Гэр хорооллыг барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа агентлагууд, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраа чөлөөлүүлэн, амьдрах орчиноо сайжруулж, орон сууцанд орох боломж юм. 2018 оныг НИТХ, НЗДТГ-аас "Иргэдийн оролцоотой амьдрах орчиныг сайжруулах жил" болгон зарласан. Үүний илэрхийлэл болж өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдтэйгээ хамтран 60  айлын орон сууцыг хүлээн авч байгаа явдал юм. Төсөлд оролцон өөрийн амьдарч байсан газраа төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Төсөлд хамрагдан  газраа орон сууцаар сольж байрны түлхүүрээ гардан авсан иргэдийн төлөөлөл Нийслэл хотын удирдлага болон Төслийг хэрэгжүүлэгч компаниудад талархалаа илэрхийлж байлаа.

Төслийн нээлтэд оролцсон албаны хүмүүс орон сууцны байртай танилцах үеэр оршин суугаа газраа чөлөөлөн  байранд орсон залуу гэр бүлийн төлөөлөл болсон иргэн н.Мөнхбаатар  Нийслэлийн удирдлагыг өргөө гэрийнхээ хойморт урьж хүндэтгэл үзүүллээ.  

ШИНЭ МЭДЭЭ