УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүүхэд хамгаалал хөгжлийн төвүүдэд ажиллалаа
2018.12.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүүхэд хамгаалал хөгжлийн төвүүдэд ажиллалаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалга гаргасны дагуу арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, , Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн хамт Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа.

“Өнөр бүл” төвд одоогоор 179 хүүхэд байгаагаас 81 эмэгтэй, 98 эрэгтэй хүүхэд байна. Энэ төвөөс нас биед хүрээд гарч байгаа охид, хөвгүүдийг аль болох нийгэмшүүлж, төлөвшүүлэх үүднээс өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах өрхийн зохион байгуулалтыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, тус төвд байгаа хүүхдүүдийн сэтгэхүй, насны онцлогт тохируулан арав арваар нь 28 бүл болгожээ. Эдгээр бүлүүд нь өөрсдөө хоол хийх, гэр цэвэрлэх хуваариа гаргадаг байна. Ингэснээр хүүхдүүд наад захын амьдрах ухаанд суралцахын зэрэгцээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй хэрхэн харьцахыг сурч эхэлжээ. Зуны цагт “Хараацай” зусландаа хүүхдүүдээ амраахын зэрэгцээ хүнсний ногоо тарих, монгол гэр барих, гал түлэх, эсгий урлал хийх зэргээр хүүхдүүдээ бэлтгэдэг байна. Энэ жил гэхэд 4.6 тонн төмс, 1.6 тонн нарийн ногоо хураан авчээ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн төсвөөр санхүүждэг 20 гаруй асрамж, хүүхэд хамгааллын төвд нийт 1044 гаруй хүүхэд өсч хүмүүжиж байна. Эдгээр төвүүдэд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь хүчирхийлэлд өртөж, сэтгэл зүйн хүнд дарамтад орсон, зан харилцааны доголдолтой, насан туршийн асаргаа, сувилгаа шаардагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. “Өнөр бүл” төвд дан болон хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхдээс насанд хүрсэн хэд хэдэн хүүхэд байгааг тус төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хэлж байлаа.Зөв хүн болгон төлөвшүүлэхэд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ хамгийн чухал. Энэ төвд шүдний эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах төв, сэтгэл зүйн төвүүд ажиллаж байна. Зураг, сийлбэр, наамал, дуу хөгжим, бүжиг, уран нугаралт, компьютер, сагс зэрэг 11 төрлийн дугуйланг хичээллүүлж, суралцагч хүүхдүүд эхнээсээ амжилт үзүүлж байгааг “Өнөр бүл” төвийн багш нар хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ