МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл:  Бүх хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ
2019.01.16
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Бүх хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай болсон тул 0-5 насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа. Энэ талаарх саналаа Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл өчигдөр болсон онцгой комиссын хуралдаанд танилцуулав. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д. САРАНГЭРЭЛЭЭС дараах асуултад хариулт авлаа.

-Томуу, томуу тест өвчний дэгдэлтийн нөхцөл байдал ямар байна вэ. Онцгой комиссын хуралдаанаар зарим аймагт хөл хорио тогтоох хэмжээнд хүрсэн тухай ярьж байна?

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3 хувьтай байна. Улаанбаатар хотод 7.1, хөдөө орон нутагт 10.6 хувьтай байна. Эрүүл мэндийн яам долоо хоног тутам томуугийн дэгдэлтийн тархалтын талаарх судалгааг 70 нэгжид хийж байна. Улаанбаатар хотод 28 нэгж бий. Тандалт судалгааны үр дүнгээр том төст өвчин амбулторын үзлэгийн 15 хувийг эзэлбэл хөл хорио тогтоодог.  Сургууль, үзвэр үйлчилгээ, баар,  рестораны үйл ажиллагаа, олон нийтийг арга хэмжээг хязгаарладаг. Хэдийгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь амбулторын үзлэгийн 9.3 хувь байгаа ч Төв, Дорнод аймагт 17 хувьд хүрсэн. Тиймээс эдгээр аймагт хөл хорио тогтоох нөхцөл үүссэн гэсэн үг.

-Нийслэлийн эмнэлгүүдэд нэмэлтээр хүүхдийн ор байршуулж байгаа ч хүрэлцээ дутмаг байгаагаас хүүхдүүд коридорт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ярьсаар байгаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Нийслэл хотын хэмжээнд хүүхдийн 977 ор бэлтгэсэн ч өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдсэн. Орны ачаалал 73 хувиар нэмэгдсэн. Энэ долоо хоногт харьцангуй аядуу эхэлж байна. Орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа. Гурван жилийн өмнө эмнэлгийн коридорт авсан зургийг соошиал орчинд байнга тавьж, явуулж байна. Харин өнөөдрийн байдлаар эмнэлгийн коридорт гудас дэвсэж хүүхэд хэвтүүлээгүй. Хүнд өвдсөн хүүхдийг буцаахгүйн тулд коридорт эвхдэг ор тавьж авч байгаа нь бодит үнэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дэвшил боловч энэ нь хэвийн үзэгдэл биш. Багтаамж, агаар, орчин, ариун цэврийн хувьд мэдээж сөрөг талтай. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй гээд буцаах эрхгүй учир өнөөдөр гал унтраасан маягаар л ажиллаж байна. Том хүний тасаг, эмч, сувилагчийн өрөө, сургалтын танхим зэргийг бүгдийг нь чөлөөлсөн. Өнөөдөр бид уламжлалт, мэдрэл, дотор гээд том хүнд үйлчлэх ёстой бүх тасгаа хүүхдийн ор болголоо. Томуугийн дэгдэлтийн үед хамгийн доод тал нь 500-аас доошгүй орны нэмэгдэл шаардлагатай. Томуугийн дэгдэлт цаашид ч тогтмол гарсаар байх төлөвтэй байгаа тул нийслэл хотод эхний ээлжид 500-аас доошгүй ортой хүүхдийн шинэ эмнэлэг бариулах талаар Улсын онцгой комисст санал гаргасан.

-Он гарсанаас хойш томуугийн дэгдэлт эрс нэмэгдсэн. Үүний шалтгаан нь юу вэ?

-Өдөр шөнөгүй босоогоор, маш их стресс дунд ажиллаж байгаа эмч нарыг бас ойлгох ёстой байх. Эмч нарын хэлж буйгаар нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд ханиад томууны өвчлөл маш их нэмэгдсэн. Энэ нь эцэг эхчүүд шинэ оны үеэр хүүхдүүдээ гадуур авч гарсан, мөн дааруулсан, олон хүнтэй газраар дагуулж явсан мөн чихэрлэг зүйл хүүхдэдээ их өгснөөс болсон гэж үзэж байгаа.

-Жил бүр шинэ вирус тархаж, эдгээх аргачлал нь өөрчлөгдөж байгаагэрүүл мэндийн байгууллагаас мэдээлдэг. Салбарынхан энэ жил тархаж буй вирусийг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Хүн амын дундтаван төрлийн вирус эргэлдэж байна. Үндсэндээ амьсгалын дээд болон доод замыг гэмтээдэг. Үүнээс болоод бага насны хүүхдүүд маш хурдан хатгаа болж хүндэрч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 0-4 насны нийт хүүхдийн 86.3 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Тиймээс хавар ч гэсэн хүний дархлаа унадаг учраас аль болох олон хүнтэй газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, шилжилт хөдөлгөөн хийхгүй, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэх, хувийн ариун цэврийг сахих, гэртээ болж өгвөл агаар цэвэршүүлэгч тавих зэргээр урьдчилан сэргийлэхийг сануулж байна. ДЭМБ-аас өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд ирж мэдээлэл хийхдээ амьтны гаралтай вирус нь хүний томуу, томуу төст өвчний вирустэй мутацид орж цоо шинэ вирус дэгдэх вий гэж анхааруулж байсан. Харин тийм зүйл болоогүйд талархаж байгаа ч томуугийн дэгдэлт их байна. Зөвхөн манай улсад бус АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад томуугийн дэгдэлт өндөр байгаа. Вирусийн өвчлөл дэлхий дахинд их байгаа энэ үед бид бэлтгэлээ сайн хангах нь хамгийн чухал.

-Сүүлийн үед эмийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Үүнд тайлбар өгнө үү?

-Надад эрүүл мэндийн салбартай холбоотой бизнес, эмийн сан, эм ханган нийлүүлэх үйлдвэр, хувийн эмнэлэг байхгүй. Салбарын сайдын хувьд эмийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр өөрийнхөө бүтээгдэхүүнийг шахах гэж оролдлоо гэх зэргээр харлуулдаг.

-Хатгалгааны эсрэг вакцины талаар мөн шүүмжлэл гарсаар байгаа шүү дээ?

-Хүн төрөлхтөн 200 гаруй жилийн өмнө вакциныг нээсэн. Хэрвээ вакциныг нээгээгүй байсан бол өнөөдөр дэлхийн хүн ам гурван тэрбум байх байсан гэж эрдэмтэд үздэг. Тиймээс ач холбогдолтой зүйл гэж болно. Тухайлбал, 2017 онд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн утааны голомтод байдаг зорилтод бүлгийн айл өрхийн хүүхдүүдэд хатгалгааны эсрэг вакциныг  хийсэн. 2018 онд нийслэлийн бага насны бүх хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийсэн. Тус вакциныг хоёр, дөрөв, есөн сартайд хийдэг бөгөөд энэ нь 15 жил хатгалгаанаас хамгаалдаг. Хатгалгаа туслаа гэхэд хүндэрдэггүй ач холбогдолтой. Ингээд вакцин хийлгэсэн 1000 хүүхдэд судалгаа явуулахад 250 хүүхэд хатгалгаагаар өвчилсөн. Гэхдээ эдгээр нь амьдралын түвшин доогуур, суурь өвчтэй, цус багадалттай байсан. Гэхдээ эдгээр хүүхдийн амь нас эрсдэх эрсдлээс сэргийлж чадсан. Тиймээс хатгалгааны эсрэг вакцин маш чухал учраас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс орон даяар бүх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ. ДЭМБ-аас хүн амынхаа 40-45 хувийг улирлын томуугаас сэргийлэх вакцинд хамруулсан нөхцөлд Н1, N1 болон бусад хүрээний томуу өвчин дэгдсэн үед хамгаалах бүрэн боломж үүсдэг гэж үздэг. Тэгвэл бид өнөөдөр хүн амынхаа 0.6 хувийг улирлын томуугийн вакцинд хамруулж чадаж байна. Тиймээс хүн амынхаа 40-45 хувийг вакцинжуулахад зарцуулах 1.3 сая тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх саналыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасныг дэмжлээ.

-Хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох саналыг тавьсан. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

-0-5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг Хөдөлмөр. нийгмийн хамгааллын яамтай хамтран Засгийн газрын хуралдаанд оруулна.

-Засгийн газрын өнгөрсөн оны сүүлчийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний эсрэг авах арга хэмжээнд 2.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Үүнийг ямар арга хэмжээнд зарцуулж байгаа вэ?

-Засгийн газраас шийдвэрлэсэн 2.4 тэрбум төгрөгийн нөөц хөрөнгийн хүрээнд Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт 30 ортой хүүхдийн байнгын тасаг нээсэн. Бүх тоног төхөөрөмжийг энэ хөрөнгөнөөс гаргасан. Мөн Хоёрдугаар төв эмнэлэгт 30 ор, Төмөр замын нэгдсэн эмнэлэгт 100 орыг байршуулж байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд эмнэлгийн коридорт хэвтэж байгаа хүүхдүүдээ тасагт шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, энэ удаагийн томуу, томуу төст өвчний дэгдэлтийг давахаар ажиллаж байна.

Сэтгүүлч, М.Энхцэцэг

ШИНЭ МЭДЭЭ