2019.01.29
Улстөр
Ё.Баатарбилэг: Хуульд өөрчлөлт оруулаад ажлаас нь чөлөөлчихдөг том хаалга нээгдэж байна
Өнөөдөр /2019.01.29/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн баасан гарагт буюу 1 сарын 25-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар 39 гишүүний гарын үсэг бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
“Дарга томилох, чөлөөлөх тухай яриад албан тушаалын асуудал орж ирэхээр царай бараа нь харагдаагүй олон хүн чуулганы хуралдаанд ирсэн байна. Цаашид УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаандаа тогтмол ирж оролцож байхыг хүсье.
Өнөөдөр нэг нь ажлаа өгье, нөгөөдүүл нь ажлаас нь чөлөөлье гэж байна. Хэлэх юм алга. Намын удирдлагын үл ойлголцол төрийн ажилд хутгалдаж, нийгэмд удаан гацаа тээг үүсгэлээ. Дахин ийм асуудал битгий үүсгээсэй гэж хүсэх байна. Олон төрийн байгууллагын үйл ажиллагаа тасалдаж, олон асуудал УИХ-ын даргыг огцруулах асуудлын дор дарагдаад үлдэж байна шүү. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томуу ихтэй байна. Олон хүүхэд өвчилж эндэж байна. Цэргийн албан хаагч амиа алдсан гээд нийгэмд хуримтлагдсан асуудал их байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асууя. Өнөөдрийн УИХ-ын даргын асуудал хэлэлцэгдээд явах нь тодорхой. Цаашид УИХ-аас томилогддог Монголбанк, Цагдаа, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын томилох чөлөөлөх асуудалд том хаалга нээгдэж сөрөг үр дагавар гарах эрсдэл байна. УИХ-ын даргыг хуульд өөрчлөлт оруулаад огцруулчихаж байхад чамайг ч хуульд өөрчлөлт оруулаад огцруулах боломжтой гэдэгэ асуудал дахин үүсэх вий гэж бодож асууж байна.”
Түүний асуултанд ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариулт өглөө.