МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Үдийн цай хөтөлбөр"-ийг "үдийн хоол" болгох хуулийн төслийг хэлэлцлээ
2019.01.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

"Үдийн цай хөтөлбөр"-ийг "үдийн хоол" болгох хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлцгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 37 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “4.1.5-д “сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж” гэж сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний тухай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх үйл ажиллагааг” гэж заалт нэмэхээр тогтов. Мөн хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээнд суралцагчийг тэгш хамруулах, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог хангах зэрэг агуулга бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэхээр боллоо. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллуулах болон зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон 8 дугаар зүйл, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдах зохион байгуулах, хяналт тавих, хоолны цэс боловсруулж, сургуулийн захирлаар батлуулах, хоол үйлдвэрлэгчид мэргэжил,  арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг агуулга бүхий 9 дүгээр зүйлийг  тус тус шинээр нэмэхээр тогтов. Мөн Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “2019 оны 09 дүгээр сарын 01-ний” гэснийг “2020 оны 09 дүгээр сарын 01-ний гэж өөрчлөх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 84,6 хувь нь дэмжив.

Ингээд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ