Монголын улс төрд өрнөж буй ЁС ЗҮЙГҮЙ үйлдлүүд нь иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй болгож байна.
2019.01.31
Хүний эрх

Монголын улс төрд өрнөж буй ЁС ЗҮЙГҮЙ үйлдлүүд нь иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй болгож байна.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМААС МЭДЭГДЭХ НЬ

Улаанбаатар, 2019 оны 1-р сарын 31

Монголын хүний эрхийн ТББ-уудын Форум (Хүний эрхийн форум гэх) нь 2010 оноос эхлэн 40 гаруй байгууллага хүний эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж монголын хүний эрхийн төлөв байдлын талаарх тайлан мэдээг НҮБ-д хүргүүлэх, монголд хүний эрх зөрчигдөж байгаа, зөрчигдөж болзошгүй тохиолдлуудад хамтарсан нөлөөлөл, хамгааллын үйл ажиллагаа зохион байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх үйл явцад бодитоор оролцохыг эрмэлзэн ажиллаж байна. Бидний энэ үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тунхагласан “...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээх зорилттой салшгүй холбоотой. Гэвч монголын иргэний нийгэм хөгжих эрх зүйн орчин төгөлдөршөөгүйн улмаас хөгжлийн гол оролцогчдын нэг болохыг хүлээн зөвшөөрөөгүй, бодлого төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, үнэлэх шатанд бодитойгоор оролцох боломж хомс, ялангуяа байгаль, газар усны эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь төрийн байгууллагын элдэв дарамт шахалтыг сөрөн ажиллаж ирлээ.

Монголын нийгэм, улс төрд өрнөж буй талцал, авлигын гэмт хэргүүд, өөрсдөдөө зориулж хуулийг өөрчилдөг, төрийн эрх мэдлийг хувийн явцуу ашиг сонирхлын төлөө ашигладаг ёс зүйгүй үйлдлүүд нь ардчиллын үнэт зүйл, эрх зүйт төрийн зарчмыг гажуудуулж, иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй болгож байна. Энэ байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх,  шударга ёсыг Монголд бодитоор тогтооход хараат бус, үр нөлөөтэй иргэний нийгмийн үүрэг оролцоо ус, агаар мэт чухал болохыг энэ байдал батлан харуулж байна.

Сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллага нийт бүртгэлтэй байгууллагын 5% хүрэхтэй үгүйтэй хэдий ч төрийн ил тод байдлыг бий болгох, нийтийн баялгийг үр ашиггүй зарцуулахаас сэргийлэх, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахыг шаардах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хүчин чармайлт тавьсаар ирсэн билээ. Гэтэл одоо үйлчилж буй нийгмийн даатгал, татварын зэрэг хууль тогтоомж  нь иргэний нийгмийн байгууллагыг дэмжихийн оронд хаалгаа барихад хүргэж байна. Үүнд, ажил гүйцэтгэх, хөлслөх гэрээгээр богино хугацаанд ажиллаж буй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, томилолтын зардлыг хүртэл орлогод тооцож татвар ноогдуулж байгаа нь хомсхон төсөвтэй ТББ-д тун хүндээр тусч, үйл ажиллагааг нь хумихад хүргэж байна. Үүний зэрэгцээ төрийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг бий болгох чиглэлээр олон жилийн хүчин чармайлтын үр дүнд шинээр бий болсон дэвшилттэй зохицуулалтыг хэрэгжүүлэхээс цааргалж, тухайлбал, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах зохицуулалтыг шүүгчид үзэмжээр тайлбарлах замаар иргэний нийгмийн байгууллагын байгаль орчин, нийтийн өмч, хүний эрхийн төлөөх хичээл зүтгэлийг зогсоох, үр нөлөөгүй болгохыг эрмэлзэж байна.

Тиймээс бид иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан дор дурьдсан саналыг дэвшүүлэхийн зэрэгцээ, бодит ажил болгох чиглэлээр хамтран ажиллахыг мэдэгдэж байна.

  1. 1997 оны ТББ-ын тухай хуулийг өнөөгийн иргэний нийгмийн байгууллагын хөгжлийн түвшин ба шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулахын өмнө одоо ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагын төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, зорилго, санхүүжилт, үр дүнг багтаасан  суурь судалгааг 2019 онд хийж гүйцэтгэх, үүнд тулгуурлан үйл ажиллагаагаа төрөөс хараат бусаар, санхүүгийн бэрхшээлгүйгээр, үр дүнтэй явуулах иргэний нийгмийн эрх зүйн орчныг цогцоор бүрдүүлэх.
  2. Төрийн хөгжлийн бодлогын асуудлаар иргэний нийгэмтэй зөвлөлдөх тогтмол ажиллагаатай, бие даасан хараат бус механизмын Засгийн газрын дэргэд бүрдүүлэх. Засгийн газрын байгууллагуудын дэргэдэх бодлогын зөвлөлүүдэд хөгжлийн асуудлаар мэргэшсэн хараат бус ИНБ-ын төлөөллийг тэгш эрхтэй оролцуулах.
  3. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг олон улсын зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн, олон талт оролцоог хангах замаар боловсруулж,  батлах
  4. Сайн засаглал, төрийн ил тод байдлыг бэхжүүлэх хууль тогтоомжид дордуулсан нэмэлт өөрчлөлт оруулах аливаа санаархлаас хамгаалах, хуулийг аль нэг субъект дур зоргоор тайлбарлах замаар гажуудуулж байгаа үйлдлийг таслан зогсоож, нэг мөр хэрэгжүүлэхэд хяналт тавих эрх бүхий иргэний нийгмийн хараат бус тогтолцоо бүрдүүлэх.
  5. Ажлын байр бий болгогч, нийгэм-эдийн засагт үр өгөөжтэй ажиллаж байгаа, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч иргэний нийгмийн явуулж буй үйл ажиллагааг дэмжих эдийн засгийн орчныг бүрдүүлэх, татвар, нийгмийн даатгалийн хууль тогтоомжид хүний эрхийг хангах хөгжлийн төлөөх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх 
  6. Иргэний нийгмийн байгууллагуудаас төр, улс төрийн болон эдийн засгийн бодлогыг шүүмжлэх, нийтийн эрх ашиг ба газар нутгаа хамгаалах, аливаа төслийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг, байгаль экологи, хүн ам ба хүний эрхэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг үнэлж төслийн үр ашгийн тооцоонд тусгаж нөлөөлөлд өртөх хүн амтай зөвлөлдөж хөгжлийн төслийн шийдвэр гаргахыг шаардсаны төлөө “хөгжлийн зогсоогч”, “үндэсний эрх ашгийг эсэргүүцэгч”, “гадны санхүүжилттэй юмнууд” хэмээн хууль бус үйлдэлтэн мэт олон нийтэд таниулах мөн тагнаж чагнах, шүүх цагдаагаар дарамтлах арга барилаас бүрмөсөн татгалзах .. эдгээр болно.

Дээрх чиглэлүүдээр болон иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн үр дүнтэй, хараат бус, шударга үйл ажиллагаа явуулах баталгааг хангах  иргэний нийгмийн механизм байгуулахын төлөө хамтран ажиллахыг нийт иргэний нийгэмд уриалж байна.

ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМ 

ШИНЭ МЭДЭЭ