2019.01.31
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Ё.Баатарбилэг: Тусгай хамгаалалтанд авчихаад хамгаалж, арчилж чадахгүй байна
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
“Тогтоолын төсөл батлагдсанаар аялал жуулчлал хөгжүүлэх, байгалиа хамгаалах боломжтой болно. Тусгай хагаалалттай газар нутгийн хэмжээ томорч байгаа ч гэсэн эдийн засгийн ямар нэг нэмэлт зардал гарахгүй одоо байгаа бүтцээрээ хамгаалах боломжтой гэж салбарын сайд үзсэн байна.
Өнгөрсөн жил Дорноговь аймгийн Мандах суманд Сүйхэнт гэж газар очсон. Тэнд тусгай хамгаалалттай газар. Сүйхэнтийн чулуужсан ой гэсэн самбар байна лээ. Тэнд нүдэн дээр чулуужсан ой дуусч байгаа. Ханги мандлын боомтоор урагшаа гаргаад дуусч байгаа юм билээ. Тусгай хамгаалалтанд аваад байгаа хэрнээ үндсэн зорилгынх нь дагуу хадгалж, хамгаалж чадахгүй байгаа хэрнээ хамгаалалтанд авах тухай яриад байгааг ойлгохгүй байна.
Хууль бус үйл ажиллагааг хариуцлага тооцож, бүртгэл гааль хяналтын байгууллагад тоо баримт байна уу? тусгай хамгаалалттай газрын захиргаа гэх мэт бүтцийн байгууллага нэмэгдээд байгаа хэрнээ харуул хамгаалалт нь газар дээрээ байж чаддаг юм уу? Бодитой дүгнэлт хийх хэрэгтэй.”
Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон тус яамны газрын дарга нар хариуллаа.