Б.Ганхуяг: Бид дундын ямар ч зуучлагч компанитай хамтран ажилладаггүй
2019.02.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Ганхуяг: Бид дундын ямар ч зуучлагч компанитай хамтран ажилладаггүй

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөнд оролцож үг хэллээ.

Тэрээр “Төр муу менежер гэсэн ойлголтыг халах цаг болсон. 2012 онд манай компанийн санхүүгийн үзүүлэлт хасах руугаа орж, 600 тэрбум төгрөгийн алдагдалтай байв. ЭТТ-н төсөл Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч гол хүч боллоо. Өнгөрсөн 2 жилд бид  бүх өр төлбөрөө дарсан. 2017 онд 410, 2018 онд 750 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Бүтээгдэхүүний үнэ өссөний сацуу зөв менежмент, бодлого үүнд нөлөөллөө. Мөн Засгийн газар, УИХ, ҮАБЗ Таван толгойн ордыг эргэлтэд оруулах талаар нэгдсэн байр сууринд хүрсэн. Томоохон төслийг улс төржүүлснээр олон жилийн турш алдагдал хүлээсэн тохиолдол бий. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг мөн ил тод болголоо. 1072 хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэг. 2012 оноос хойш төрсөн иргэдийг мөн хувьцаа эзэмшигчээр нэмэх, эсэх нь Засгийн газрын эрхийн асуудал. Учир нь ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 85 хувийг төр буюу Засгийн газар эзэмшдэг. Нэгж хувьцааны үнэ одоогоор тодорхойгүй байна. Бид нэгж хувьцааны үнээ аль болох өндөр тогтоолгохоор ажиллаж байна. Санхүүгийн салбарынхантай уулзахад компанийн үнэлэмж муу биш гэж үздэг” гэсэн юм.

Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг тараах, эсэх тухай шийдвэрээ ХК-иуд шинэ он гарснаас хойш 50 хоногийн дотор гаргах ёстой. Энэ хугацаа дараагийн лхагва гарагт дуусна. Энэ талаар Б.Ганхуяг захирлаас тодруулахад “Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг хүлээж байна. Энэ тайланд үндэслэн дараа, дараагийн шийдвэр гарна. Зарим иргэн ногдол ашиг гэж багахан мөнгө авч байснаас хөрөнгө оруулалтад зарцуулах нь зөв гэх мэтээр эх оронч санаачилга гаргаж байна” гэсэн юм.  

-Танай компани Winsway хэмээх дундын зуучлагч компанитай хамтран ажилладаг уу?
-Үгүй. Бид энэ компанид нүүрсээ борлуулдаггүй. Дундын зуучлагч нартай хамтран ажилладаггүй.  

-Австралийн уул уурхайн бүс нутагт болж буй үер танай борлуулалтад нөлөөлөх үү? 
-Энэ оны төлөвлөгөө бэлэн болсон. Олборлолт, борлуулалт хэвийн үргэлжилж байна. Бид нэг тонн нүүрсээ 71.2 америк доллараар борлуулж байна. Одоогоор манай үнэд үерийн гамшиг нөлөөлөөгүй байна.        

-ЭТТ ХК-ийн засаглал, өрсөлдөх чадвар бэхэжсэн гэж та үзэж байна уу? 
-Бид хуулийн хүрээнд ажиллаж байна.    

ШИНЭ МЭДЭЭ