МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Яамны удирдлагуудыг огцруулах, чөлөөлөхтэй холбоотой өргөдөл гомдол надад ирээгүй
2019.02.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Яамны удирдлагуудыг огцруулах, чөлөөлөхтэй холбоотой өргөдөл гомдол надад ирээгүй

-СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛЛОО-

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын биет бус өв, чулуун соёлын өвийн асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулагдаж тодорхой шийдвэрүүд батлагдан гарсан. Соёлын биет бус өвийн тухай болон Чулууны өвийн тухай үндэсний хөтөлбөрүүд батлагдлаа. Энэ асуудал олон жил яригдсан. Юнескогийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Юнескогийн конвенцэд Монгол Улс 2005 онд элсэн орсноос хойш долоон соёлын өв бүртгэгдсэн байдаг.

Тодруулбал, 2009 онд Морин хуур, 2009 онд Монгол ардын дуу, 2009 онд Монгол Хөөмий, 2010 онд Монгол Баяр наадам, 2010 онд Бүргэдээр ан хийх зан үйл, 2013 онд Монгол гэрийн уламжлал, зан үйл, 2014 онд Шагайн харваа бүртгэгдсэн байдаг.

Мөн чулуун соёлын өв хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эртний түүх соёлын дурсгалтай чулуу, хөшөө дурсгалууд, хадны сийлбэр, сүг зургуудыг соёлын өвийн нарийн жагсаалтад оруулж, хадгалж хамгаалах, мэдээллийн нэгтсэн сантай болгох, аялал жуулчлалын томоохон бүтээл болгох зорилготой. Энэ хөтөлбөр 2024 он хүртэл хэрэгжинэ. Эдгээр хөтөлбөрийн санхүүжилтийг улсын төсвийн болон орон нутгийн төсөв, гадны зээл тусламж, олон улсын байгууллагын тусламж зэргээр хэрэгжинэ" гэв.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөг хэрэгтэй вэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум хэрэгтэй гэж байгаа. Улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая төгрөг, гадаадын буцалтгүй тусламжаар 20.4 сая төгрөг, зээл тусламжаар 1 тэрбум, бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулна хэмээн төлөвлөсөн байгаа.

-БСШУС-ын хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантайгаа хамтарч ажиллаж чадахгүй гэж албан бичиг өгсөн сураг бий. Энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд тус яаманд яригдсан боловсон хүчний халаа, сэлгээ, удирдлагын түвшинд зөрчилтэй байгаа асуудлууд нилээдгүй яригдсан. Салбарын сайдаар томилогдоод удаагүй байна. Иймд яамны удирдлага, харъяа байгууллагын дарга нартай уулзах уулзалтууд хийгдэж байна.

Тодорхой нэр бүхий удирдлагуудтай холбоотой тэднийг огцруулах, чөлөөлөх асуудалтай холбоотой өргөдөл гомдол одоогоор надад ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт хүргүүлсэн асуудал байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлага, томилогдсон албан тушаалтнууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлээд явж байна.

-ЕБС-ийн сурагчдын сургалтын цөм хөтөлбөрийн өөрчлөлтөд хэрхэн хандаж байна вэ?

-Цөм хөтөлбөр нэрийдлээр маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гээд оруулчихсан байдаг. Гэтэл сурагчдын ачаалал асар их нэмэгдсэн. Өнөөдөр 12 дугаар ангийн хүүхэд өдөр болгон долоон цагаар хичээллэж байна. Бага ангийн хүүхэд өглөө найман цагт гэрээсээ гараад орой 17:00 цагт орж ирж байгаа. Иймд сургалтын агуулгыг эргэн харах шаардлагатай.

Бүх ангийн хүүхдүүд олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хичээллэж байгаа эсэхийг судлан ойрын үед танилцуулах үүрэг өгөөд байгаа. Дэлхийн жишиг ямар байна, манай улсынх ямар байна гэдэг асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон. Үндсэндээ цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харах шаардлага байгаа. Миний хувьд хугацаа богино байгаа учраас явж байгаа үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллана. Аль болох нэмж туршилт явуулахгүй байх бодлого баримтална.

ШИНЭ МЭДЭЭ