МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Эм тарианы үнийн дээд хэмжээг хуульчилж тогтооно
2019.02.15
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Эм тарианы үнийн дээд хэмжээг хуульчилж тогтооно

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн  “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор  өнөөдөр болж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс эрүүл мэндийн салбарын зарим асуудлаар тодрууллаа.

-Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбар хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Бид өнгөрсөн жил Эрүүл мэндийн даатгалын сангийн /ЭМДС/ үйл ажиллагааг иргэн бүрт хүртээх том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд  ЭМДС-гаас эмнэлгийн тусламж үзүүлэх тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал,  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, хөнгөлөлттэй эм, эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд, өндөр өртөгтэй мэс засал гэх мэт олон үйл ажиллагаа ЭМДС-аас санхүүждэг боллоо.

Цаашид бид  энэ үйл ажиллагаануудаа  тогтвортой явуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн хэвшлийн эмнэлгүүдийг санхүүжүүлэх талаар судалж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг гадаад улсад сургалтад хамруулсан.  Одоогоор 260 гаруй хүн хилийн чанадад сураад ирлээ. Үүний үр дүнд Монголд эмчлэгддэггүй байсан 36 өвчний тоо 26 болж буурсан. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар тус сангаас санхүүжүүлэх ажил эхлүүлээд байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийг, ажлын байранд нь суурилсан үнэлгээг тогтоож цалинжуулахаар болсон. Үүнийг өнгөрсөн онд амжилттай хэрэгжүүлж ажилчдын цалинг 20-47 хувиар нэмсэн. Түүнчлэн зогсонги байсан гадаад, дотоодын санхүүжилтийн хүрээнд баригдаж буй барилга, төсөл хөтөлбөрүүд  үргэлжлэн ажиллаж байгаа. Үүнээс дүгнэхэд бидний төлөвлсөн ажил бүгд хэрэгжлээ. Цаашид тасралгүй үргэлжилж үр дүнгээ илүү өгнө гэдэгт итгэлтэй байна.

-2019 онд ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах вэ?

-2019 онд бид “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлж, эл салбарын ажилтнуудын ёс зүй, харилцаанд шинэчлэлт гаргах тал дээр илүү анхаарах болно. Улмаар дээрх уриан дор дараахь үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна.

Юуны өмнө Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль батлуулна. Иргэд маань олон улсын түвшинд эмчилгээний үр дүн нь нотлогдсон, чанартай эм, тариагаар эмчлүүлдэг болохын зэрэгцээ эм тарианы үнийн дээд хэмжээг хуульчилж тогтооно.

Элэгний “В” вирустай иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд онцгой анхаарч элэгний вирусын оношлогоо, идэвхжилтийг тоолох үйл ажиллагааг ЭМДС-гаас санхүүжүүлж шинэ эмчилгээг нэвтрүүлнэ.

“Эрүүл шүдтэй, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд орон даяар 02-12 насны бүх хүүхдийн шүдийг эмчилж, шүдний цоорлыг 30 хувиар бууруулна.

Жирэмсний эрт хяналтыг сайжруулж эх, нярайн эндэгдлийг бууруулж, дутуу төрсөн нярайн эмчилгээнд 800 сая төгрөг төсвөөс зарцуулна. Дэлхийд, Монголд нийт нас баралтын гол шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг  15 хүртэлх хувиар бууруулна.

Эмнэлгийн туслмаж  үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, шинээр барьж буй барилга байгууламжийг 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

П.Бат

ШИНЭ МЭДЭЭ