Шанхай хотод 700 орчим монгол оюутан суралцаж байна
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай болсон.
Дэлхийн хамгийн их хүн амтай хотын нэгд тооцогддог Шанхай хот нь БНХАУ-ын төв Засгийн газарт шууд харьяалагддаг 4 хотын нэг бөгөөд БНХАУ төдийгүй бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв, Хятадын Засгийн газраас далайн эргийн нээлттэй бүс хэмээн зарласан эх газрын өндөр хөгжилтэй хот юм.
Шанхай хот 25 сая оршин суугчтай, хүн амынхаа тоогоор Хятадад нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг. Шанхай хотын ДНБ-ийн хэмжээ 2018 оны эхний 6 сарын байдлаар 1,5 их наяд юань буюу 230 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд тус хот нь гадаад худалдаа, олон улсын үзэсгэлэн яармагийн томоохон төв болон өргөжин хөгжиж, жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн, түүний дотор 300 гаруй олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулдаг байна.
БНХАУ-д зорчиж буй гадаадын жуулчдын дийлэнх нь, мөн олон улсын үзэсгэлэн яармагт оролцох зорилгоор гадаадын олон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид Шанхай хотод зочилдог тул тус хотод гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байрлаж, өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, үзэсгэлэн яармагт оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн судалгаа хийх, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хөгжүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг байна.
"Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм."
Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайд
Тодруулбал, тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн дээр дурдсан 5 мужийг тус ерөнхий консулын газарт харьяалуулж, Бээжин дэх элчин сайдын яамны консулын болон визний үйлчилгээний ачааллыг бууруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах боломж нээгдэнэ.
Мөн Монгол Улсаа сурталчилан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, Шанхайн банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг судалж, Монголын компаниуд олон улсын зах зээлд IPO хийхэд дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх зэрэгт ерөнхий консулын газар чухал үүрэг гүйцэтгэх юм.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг 3 орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулаад байна.
УИХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа юм.