Л.Оюун-Эрдэнэ: Монголын гадаад сурталчилгааг МОНЦАМЭ гэсэн цонхоор явуулахыг дэмжинэ
2019.02.22
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Л.Оюун-Эрдэнэ: Монголын гадаад сурталчилгааг МОНЦАМЭ гэсэн цонхоор явуулахыг дэмжинэ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, тус агентлагийн хамт олонтой ярилцлаа.

МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан, 90 гаруй жилийн түүхтэй, Монгол Улсын гадаад, дотоод бодлого, өдөр тутамд болж байгаа үйл явдлыг мэдээлж, гадаадад сурталчилдаг байгууллага гэдгийг агентлагийн захирал Б.Ганчимэг танилцуулсан юм. Өнөөдрийн байдлаар Англи, Хятад, Орос, Япон хэл дээр сонин, сэтгүүл, цахим хуудсыг эрхлэн гаргахаас гадна Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүмүүн бичиг” сониныг уншигчдад тогтмол хүргэж, 1998 оноос хойш “Сайхан бичигтний улсын уралдаан”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 21 аймаг, ОХУ, БНХАУ-д байнгын сурвалжлагч ажиллуулдаг бөгөөд бусад улс орнуудын нэр хүндтэй Reuters, Xinhua, Kiodo news, Nikkei, Yonhap, Russia today, VOA, KCNA зэрэг тив, дэлхийг хамарсан мэдээллийн томоохон 20 гаруй сүлжээ агентлагтай тогтмол мэдээлэл солилцох, ажилтнуудаа дадлагажуулах зэргээр хамтран ажиллаж байгаа аж. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч 2013 оноос хойш улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдээгүй, 2019 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардал тусгагдаагүйгээс техник, технологийн шинэчлэл хийгдээгүй, төсөв хөрөнгөгүйн улмаас гадаад томилолтод сурвалжлагчдаа хамруулж чадахгүй байгаа зэрэг тулгамдсан асуудалд ЗГХЭГ-ын зүгээс анхаарч өгөхийг тус агентлагийнхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүсэж байлаа.

Эрх зүйн зохицуулалтай холбоотой бас нэг асуудал байгаа аж. МОНЦАМЭ агентлагийг 1996 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон ч 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р зүйл, заалтаас болж тус агентлагийн эрх зүйн орчин, харъяалал тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн байна. Тиймээс тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар агентлагийн эрх зүйн орчныг тодорхой болгох асуудлыг 2007 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, хэд хэдэн Засгийн газар, Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнуудад тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд тус агентлагийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн юм. Тэрээр ”Монгол Улсыг гадаадад сурталчилдаг цонх нэг байх чухал. Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд бодитой мэдээлэл хамгийн чухал. Ялангуяа гадаад сувгаа Монгол Улс хүчирхэгжүүлэх ёстой. МОНЦАМЭ агентлагт тулгуурлаж нээлттэй, Монгол Улсаа нэг цонхоор сурталчилж, таниулахыг бүрэн дэмжинэ. Засгийн газраас МОНЦАМЭ агентлагийг дэмжихээс гадна та бүхэн бас үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажилтнуудаа чадавхижуулахад анхаарч ажиллаарай” гэлээ.       Цаашид МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн бусад томоохон агентлагуудын загварыг судлах зэргээр хөгжлийн гарцаа 14 хоногийн дотор дахин танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чиглэл болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

ШИНЭ МЭДЭЭ