МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Сурах бичиг хэвлэхэд нэг ч төгрөг улсаас төсөвлөөгүй
2019.03.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Сурах бичиг хэвлэхэд нэг ч төгрөг улсаас төсөвлөөгүй

Монголын мэдээ сони, Сэтгүүлч Х.Болор

Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн хүрэлцээ дутмаг байгаа юм. Мөн бага ангийн сурагчдын сургалтын нөхцлийг эргэж харах ёстой талаар багш нар, эцэг эхчүүд  ярих болсон билээ. Тэгвэл БСШУСЯ ямар бодлого барьж, ажиллаж байгаа талаар тус яамны сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-ЕБС-ийн сурагчдын су­рах бичгийн хүрэлцээ, хүр­тээмж хэр хэмжээнд бай­гаа вэ?

-Өнөөдрийн  байдлаар 600 орчим мянган ЕБС-ийн су­­рагч байна. Статистикийн дүн­­гээс үзэхэд 40-50 хувийн су­рах бичгийн хангалттай бай­гаа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд  сурах  бичгийн  хүртээмж тааруу болсон. Цөм хөтөлбөр хэрэгжихтэй холбоотой, сурах бичгийг шинээр зохиох ажил дуусч байна. Жишээлбэл, 12 дугаар ангийнхан 17, 18 төрлийн сурах бичиг хэрэглэдэг. Мөн Эрүүл мэндийн хичээл шинээр орж эхэлсэнтэй холбоотой сурах бичиг зохиох ажлыг хийнэ. Үндсэндээ яамны зүгээс “Цөм” хөтөлбөрийн хүрээнд  сурах бичгээ боловсруулаад дууссан.  

Одоо  эдгээрийг яаж 600 гаруй мянган хүүхдэд хүргэх вэ гэдэг нь  тулгамдсан асуудал болоод  байгаа. Бага ангийн хүүхдийн сурах бичгийг мэдээж төрөөс үнэгүй хангаад явж байгаа бол,  дунд ахлах ангийнханд нийслэлийн хэмжээнд 40-50 хувь, зарим тохиолдолд 60 хувиар хангадаг гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгож байгаа бол  хөдөө орон нутгийн  зарим алслагдсан  сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах  бичиг оногдож байх жишээтэй.

Сурах бичиг болгон өөр л дөө. Зарим сурах бичгүүд хэрэглээ багатай учир илүүдэлтэй байгаа. Зарим нь эрэлт ихтэй тул амархан элэгдэлд  ордог.  2014-2015 онд БСШУСЯ-нд Азийн хөгжлийн банкны “Түрээсийн сурах бичиг” төсөл  хэрэгжиж байсан юм билээ. “Түрээсийн сурах бичиг” төсөл хэд хэдэн аймаг дүүрэгт нэлээд  амжилттай хэрэгжсэн байдаг.  Энэ юу гэсэн үг вэ гэхээр,  тодорхой тооны сурах бичгүүдийг тус банкны санхүүжилтээр, буцалтгүй тусламжаар нийлүүлсэн. Улмаар орон нутгийн сургуулиудад  тараагаад,  эцэг эхчүүд нэг жилийн хугацаатай түрээсэлдэг. Түрээсийн төлбөрийг нь хуримтлуулаад хэрэглэж байгаа сурах бичгүүдээ дахин  хэвлүүлэх, муудсаныг нь  нөхөх учиртай төсөл  юм билээ.  

-Түрээсийн сурах бичиг  төслийг дахин хэрэгжүүлэх боломжтой юу?

-Азийн хөгжлийн  банкнаас хэрэгжиж байсан төслийн эргэн төлөлтийн түрээсийн мөнгө хуримтлагдаад 3.7 тэрбум төгрөг болсон. Энэ мөнгө Сангийн сайдын багцад байгаа. Харин бид яаж үр дүнтэйгээр зарцуулах талаар судалж байна. Төслийг дахин хэрэгжүүлэх тухай Азийн хөгжлийн банкны суурин  төлөөлөгчтэй уулз­сан. Хэдийгээр 2019 оны хөтөлбөрөө төлөвлөсөн ч, “Түрээсийн сурах  бичиг”  төслийг дахин  хэрэгжүүлээд  өгөөч ээ гэдэг хүсэлт  тавьсан. Тэдний хувьд, үнэхээр  чухал  асуудал гэдгийг  ойлголоо,  тун  ойрын  үед  хариу өгье  гэдгийг хэлсэн. 

-Энэ жил  сурах бичиг хэвлүүлэхэд улсаас хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ?

-2019 оны хувьд БСШУСЯ-ны багцад сурах бичиг шинээр хэвлэх нэг ч төгрөг төсөвлөөгүй. Энэ жилийн хувьд сурах бичгийг яаж ханган нийлүүлэх вэ гэдэг асуудал толгойны өвчин  болчихсон. Хамгийн сүүлд зохиогдсон ахлах ангийн сурах бичгүүдийн нэг нь  ч хэвлэгдээгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо бид сурах бичгийн хүртээмжийг ямар  аргаар сайжруулах вэ гэдэг асуудлыг бодлого хэрэгжүүлж буй газрынхантай ярьж байна. Бага  анги болон  эмзэг бүлгийнхэндээ сурах  бичгийг үнэ төлбөргүй өгөх  хуучны тогтолцоогоороо  явуулна. Харин дунд ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлээд,  хүртээмжийг нь нэмэгдүүлвэл ямар вэ гэдэгт  санал  нэгдээд  ажиллаж байна. 

-Хүртээмжийг нь боломжийн хэмжээнд хүргэхэд хэчнээн төгрөг шаардлагатай байгаа вэ?

-600 гаруй мянган хүүхдийн бүрэн сурах бичгийг хэвлэхэд нэлээд том тоо яригдаад  байгаа юм. Одоо байгаа сурах бичгүүдээ хэрэглээд,  дээр нь нөхөн  хангалт  хийнэ  гэхээр 40 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс нэг дор 40 тэрбум төгрөг гаргана гэдэг бэрх. Хэрвээ Азийн хөгжлийн банк болон Олон улсын төсөл хөтөлбөрөөс сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломж гарахгүй бол бид улсын төсөв рүү хандахаас өөр арга байхгүй. Харамсалтай нь 2019 оны төсөв батлагдчихсан. 2020 оноос наашгүй болж байна. Тиймээс бүхий л  боломж, бололцоог хайж,  гадна дотнынхонтой уулзаж байна. Өмнөх “Түрээсийн сурах бичиг”  төслөөс үлдсэн 3.7 тэрбум төгрөгөөр хамгийн чухал, хамгийн их  эрэлт хэрэгцээтэй байгаа сурах бичгүүдийг аль болох олон тоогоор яаж хэвлэх боломжтой байна гэдгийг судалж байна. Хөдөө орон нутагт  эцэг эхчүүд  хүүхэддээ номыг нь авч өгөх гэтэл ном нь худалдаанд  байхгүй байна. Өөрсдөө мөнгөөрөө авъя гэхэд  ч боломжгүй нөхцөлтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоог бүх талаас нь  эргэж харах,  хүртээмжийг нэмэх,  хангамжийг сайжруулах асуудлыг шийдэхийн төлөө ажиллана.

-Сурах бичиг хүртээмж­гүй байхаар “Цөм хөтөл­бөр”-ийн агуулгаас үр дүн  нэхэх  эрхгүй болж байна уу?

-Бид  боловсролын хүрээлэн­гийнхэнтэй уулзахад “Цөм хөтөлбөр”-ийн явцын  үнэлгээ хийсэн байсан. Энэ хөтөлбөр 2013 оноос хэрэгжээд  явахдаа бага  ангиас хэрэгжсэн. Цөм хөтөлбөрт  хамрагдсан  өмнөх хүүхдүүд одоо төгсөх  болсон. Боловсролын  хүрээлэн өөрөө цөм хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангалтгүй байна гэж дүгнэсэн дүн мэдээ танилцуулж байна билээ. Тэгэхээр  цөм хөтөлбөрийг өөрчлөх гээд  байгаа юм биш. Хөдөө орон нутгийн багш нартай ярихаар маш их агуулгын давхцал,  сурагчдад ачаалал нэмдэг, шаардлагатай бус гэж үзэхээр зүйл их байна.

Тийм учраас  “Цөм хөтөлбөр”-т  байгаа  агуулгын “шүүсийг нь шахаад”, чанаржуулахгүй бол эцэг эх,  багш,сурагчдыг  бүгдийг нь  ачаалалтай болгодог гэсэн асуудлыг  ярьж байгаа.  Тиймээс үндэсний баг  ажиллуулж байна. Сурах бичгийг чанаржуулах үндэсний багт  хөдөө орон нутаг,  нийслэлд хөтөлбөрийн хичээлүүд зааж байгаа багш  нарыг ажиллуулж байна. Жишээлбэл, нэг агуулгыг гурван  хичээл,  гурван сурах бичигт адилхан зааж байгаа. Тэгэхээр яг ямар  хичээл, ямар  агуулга давхцаад байна гэдгийг нэн  түрүүнд судална. 

-Зургаа,  долоохон настай хүүхдүүд тоглох, хөгжих насандаа хэт их ачаалалтай хичээллэж байгаа шүү дээ. Өдрийн цагаар хичээлдээ яваад,  орой нь хичээлээ хийдэг. Тэгсэн ч барахгүй юм? 

-Бага ангийн хүүхдүүд  маш их ачаалалтай байгаа нь үнэн. Бага ангийн хүүхдүүд яагаад  ачаалалтай байгаа гэхээр тэднийг үнэлэхгүй болчихсон, үнэлгээний  систем байхгүй.  Гэтэл багш нар нь, сургууль нь өөрсдийнхөө журмаар  үнэлгээ өгөөд,  хооронд нь өрсөлдүүлдэг болсонтой холбоотой. Тэрэнд нь эцэг эхчүүд сурагчид  өрсөлдөөд явж байна. Нөгөө хөгжингөө суралцах, тоглонгоо сурал­цаад ,  хөгжөөд явж байх ёстой бяцхан хүүхдүүд хар багаасаа асар их өрсөлдөөнд орж байна. Энэ маш их сэтгэл зүйн дарамт болж байгаа гэдгийг эцэг эхчүүд хэлдэг. Сэтгэлзүйчид ч бас хэлдэг. Ер нь бол  бага ангидаа үзэх хичээлийн агуулгыг хүн болох талаас нь түлхүү оруулах хэрэгтэй. Мөн эх оронч хүмүүжлийг олгох агуулгыг оруулах хэрэгтэй байна. Зарим тохиодолд түргэн уншлагын уралдаанд оролцож байна гээд хүүхэд маш хурдан уншаад дараа нь юу уншив гэхээр тэрийгээ ойлгоогүй байна шүү дээ. Ийм маягаар  хүүхдийг хохироож болохгүй л дээ. Энэ болгоныг бид  эргэж харж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ